Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн баячууд хүүхдээ коллежид оруулахын тулд хээл хахууль төлдөг байсныг Холбооны Мөрдөх Товчоо илрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Лори Лафлин, Фелисити Хаффман нар

Өчигдөр АНУ-ын хууль зүйн яам хүүхдүүдээ нэр хүндтэй их сургуулиудад элсүүлэхийн тулд их хэмжээний хээл хахууль төлсөн 32 хүнд ял шийтгэл оноожээ. Тэдний дотор Америкт алдартай телевизийн шоуны хоёр од байсан байна.

Эдгээр хүмүүс нь 2011 оноос хойш Жоржтаун, Йел, Стэнфорд, Техас, Өмнөд Калифорнийн зэрэг хэд хэдэн нэр хүндтэй их сургуулиудад хүүхдээ элсүүлэхийн тулд янз бүрийн хууль бус арга хэрэглэж байсныг Холбооны Мөрдөх Товчоо илрүүлсэн юм байна.

Тухайлбал элсэлтийн шалгалтад өмнөөсөө өөр хүн оруулж өндөр оноо авах, шалгалтын хариуг урьдчилан худалдаж авах, спортын авьяас чадвараар шалгаран элсэх хүмүүсийн тоонд хүүхдээ багтаах зэрэгт их хэмжээний мөнгө төлж байжээ.

Шийтгүүлсэн хүмүүсийн дотор “Full House” телевизийн цувралын од Лори Лафлин, “Desperate Housewives” цувралын од Фелисити Хаффман нар багтаж байна.

Лафлин нь нэртэй дизайнер, нөхөр Моссимо Жиануллигийн хамт спортод ямар ч дөргүй хоёр охиноо Өмнөд Каролинагийн их сургуульд тамирчны статусаар элсүүлэхийн тулд $500,000-ыг төлснийг тогтоожээ.

Жүжигчин Хаффман нь охиныхоо өмнөөс өөр хүнийг элсэлтийн шалгалтад оруулж байсныг тогтоосон байна. Тэрээр ийм арга хэрэглэхийн тулд шалгалтыг зохион байгуулагчид их хэмжээний мөнгө төлсөн гэнэ. Үр дүнд нь Хаффманы охин жилийн өмнө өөрөө шалгалтад ороод авч байсан онооноосоо 400-аар илүү оноо авч, их сургуульд элсэж чаджээ.

Ийм аргаар хүүхдээ сургуульд элсүүлж чадсан нэр хүндтэй эрхмүүдийн тоонд хөрөнгө оруулалтын томоохон компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Уилльям Макглашан, Лос Анжелесын маркетингийн компанийн гүйцэтгэх захирал Жэйн Бакингэм нар багтаж байна.

Элсэлтийн шалгалтыг луйвардах үйл ажиллагааг голдуу Key Worldwide Foundation нэртэй ашгийн бус байгууллага хөрөнгө мөнгөтэй хүмүүст зориулж, зуучлан зохион байгуулдаг байжээ.

Тус байгууллагад хандив өгсөн хүмүүс хариуд нь нэр хүндтэй их сургуулиудад хүүхдээ элсүүлэх боломжийг хууль бус аргаар олж авдаг байна.

 

Эх сурвалж: The Washington Post