Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хөрөнгө оруулагчидтай хийх уулзалтыг зохион байгуулав

ikon.mn
2019 оны 3 сарын 13
iKon.MN

Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам Монгол) гуравдугаар сарын ээлжит Бизнес уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнуудыг урьж, Монгол Улсын Засгийн газрын ХААХҮ-ийн салбарт баримталж буй бодлого, хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгаа хууль тогтоомж, 2019 оны бодлогын тэргүүлэх чиглэл болон Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын арга хэмжээний талаар танилцуулж хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй санал солилцож, асуулт, хариултын хэлэлцүүлэг хийлээ. 

Уулзалтад АмЧам-ын гишүүн байгууллагууд, Монгол дахь гадаадын элчин сайдын яамд болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов. ХХААХҮЯ-ийн сайд Ч. Улаан мэдээлэл хийсний дараа оролцогчдын асуултанд дэлгэрэнгүй хариулж санал солилцов.

Ч. Улаан сайд хэлэхдээ, "Монгол Улсын Засгийн газар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд түлхэц болох хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын санал санаачилгыг хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна” гэж онцлон тэмдэглэв. Мөн XXААXҮЯ-наас "Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөтөлбөр", "Малын эрүүл мэндийн хөтөлбөр", "Жимс, жимсгэнэ хөтөлбөр", "Ноолуур хөтөлбөр", "Үйлдвэржилт 21-100 хөтөлбөр" зэрэг засгийн газраас батлан хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүдийг танилцуулж, шинээр батлагдсан хуулиудыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хийв. 

 

Хөрөнгө оруулагчдын зүгээс АНУ-ын Конгресст өргөн барьсан байгаа Монгол Улсын Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг батлахад Монголын талаас бэлтгэлээ сайтар хангаж, олон улсын стандартын шаардлагыг хангах хэрэгтэй байгаа тухай саналаа хэлж байв. Энэхүү хууль батлагдсанаар Монголын ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд гаалийн тарифгүй экспортлох боломжтой болно.

 
 

АмЧам-ын ТУЗ-ийн дарга Ойбек Халилов нээлтийн үгэндээ хэлэхдээ "Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдсанаараа Монгол Улсaд маш том боломжийг нээх юм. Гэхдээ Монголын талаас олон анхаарах, бэлтгэж боловсруулах асуудлууд байна, үүнд малын эрүүл мэнд, вакцинжуулалтг сайжруулах, материал техникийн хангамж зэрэг. АмЧам Монголын зүгээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын боломжийг нээхэд бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно. Монголын сүү, цагаан идээ тухайлбал, бяслаг зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт өндөр эрэлттэй байх болно гэдэгт итгэлтэй байна," гэж тэмдэглэв.

 

АмЧамын Монголын тухай  www.amcham.mn

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.