Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

А.Энхжаргал: Нугасаар мэдээ алдуулснаар нуруунд эмгэг үүсгэхгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нуруу өвдөх нь ихэнх хүнд тулгардаг асуудал болжээ. Энэ нь ажил, амьдралын хэв маягаас үүсдэг гэдэг. Тэгвэл “Хүн бүр амьдралынхаа туршид хамгийн багадаа хоёр удаа нурууны өвдөлтийг мэдэрдэг” хэмээн “УБ Сонгдо” эмнэлгийн мэдрэлийн мэс засалч А.Энхжаргал хэллээ. Түүний хэлж буйгаар сунгалтын дасгал хийснээр аливаа нурууны өвчин үүсэх, үүсэн тохиолдолд хүндрэхээс нь сэргийлэх боломжтой аж. Мэдрэлийн мэс засалч А.Энхжаргалтай нуруу өвдөлт хэрхэн илрэх болон яаж урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. 

-Нуруу өвдөх нь бүх насны хүмүүст нийтлэг тохиолдож байна. Энэхүү өвчин хүнд ямар байдлаар мэдрэгдэх вэ?

-Хүн амьдралынхаа туршид хамгийн багадаа хоёр удаа нурууны өвдөлтийг мэдэрдэг. Тэгэхээр нуруу өвдөх нь тун нийтлэг тохиолддог гэсэн үг. Нурууны өвдөлт нь голдуу булчингийн чангарлаар илрэх бөгөөд хүмүүст хурц болон архаг, хоёрдогчоор үүсдэг өвдөлт мэдрэгдэнэ. Тухайлбал, хурц өвдөлт нь голдуу бөгтийж, тонгойход хөндүүрлэж өвдөх байдлаар илэрч, хоёр цагаас нэг долоо хоног орчим үргэлжилдэг. 

Архаг өвдөлт нь долоо хоногоос хэдэн сараас үргэлжилж болно. Нуруу  татах, зангирах нь нэг намдаж, нэг өвдсөөр хэдэн сар хүртэл үргэлжилдэг. Харин хоёрдогчоор үүсдэг өвдөлт буюу гуя дагах өвдөлт нь нурууны жийргэвчийн гаралтай эсвэл нурууны зөөлөн холбоос эдээс гаралтай байна. Удаан хугацаанд нуруу өвдөхөөс гадна гуя дагаж өвдөх, хөлийн ул тавхайгаар хөндүүрлэж өвдөх тохиолдол байдаг. 

Энэ мэтчилэн нурууны өвдөлт нь үе шатаасаа хамааран олон янз байх тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн шаардлагатай шинжилгээг өгч эмчилгээ зөвлүүлэх хэрэгтэй. 

-Өвдөхөөр эмч гэхээс илүү бариач дээр очих хүн их. Сүүлийн үед аарцаг, нурууны бариа заслын төв олон нээгдэж байна. Энэ нь үр дүнтэй эмчилгээ болж чадах уу?

-Өвчний үе шатнаас хамаардаг. Нэгэнт нурууны эмгэг үүссэн буюу суулт үүссэн, нурууны диск цүлхийсэн болон гэмтэл үүссэн байхад дан бариулаад эмчлэгдэхгүй. Мэргэжлийн эмчид үзүүлж, физик эмчилгээг хавсруулан хийлгэх ёстой. Хамгийн гол нь хүн оношоо зөв олох ёстой учраас эмчид хандах нь зөв. Оношоо тогтоосноор ямар эмчилгээг хэрхэн хийх нь тодорхой болно. 

Мөн анхааруулж хэлэхэд нуруу хугарсан, нурууны жийргэвч урагдаж, нугасаа дарсан байхад Бариа татлага, блок гаргах зэргийг хийвэл байдлыг улам дордуулдаг. Түүнчлэн бусад эд эрхтний адилаар нуруу нугасанд хөгшрөлт явагдана. Ингэснээр үе холбоосонд шохоожилт үүсэх зэргээр өөрчлөлт орж, тодорхой хэмжээний өвдөлт өгдөг. Энэ үедээ эмчид хандаад юу хийж болох вэ, юу хийж болохгүй вэ гэдгээ зөвлүүлбэл хөгшрөлтийн процессыг сааруулж болно. 

-Нугасаар мэдээ алдуулсны дараа нуруу өвддөг боллоо гэж ярих их хүн байдаг. Үнэхээр нугасны мэдээ алдуулалт нь нурууны өвчин үүсгэх үү?

-Ялангуяа кесар хагалгаагаар хэд хэдэн удаа төрсөн эмэгтэйчүүд нуруу өвддөг болсон гэдэг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Нугасаар мэдээ алдууллаа гээд нуруунд эргэшгүй өвчин үүсгэхгүй. Эмэгтэй хүн жирэмсэн байх буюу хүүхдээ тээх хугацаанд нуруунд өөрчлөлт ордог. Энэ үед тодорхой хэмжээнд суулт өгч, өвддөг. Үүнийг мэдээ алдуулснаар өвддөг болсон гэж андуурах тохиолдол их байна. 

-Корсет буюу даруулга, нуруу тэгшлэгч бүс зэргийг охид, бүсгүйчүүд их хэрэглэх болсон. Үүний эерэг, сөрөг тал юу вэ?

-Эмгэг өөрчлөлтөд орсон тохиолдолд бүсийг эмчилгээнд ашигладаг. Жирийн хүн нуруу өвдөхөөс урьдчилан сэргийлэх байдлаар бүс зүүх нь тохиромжгүй. Учир нь нурууны булчин тодорхой хэмжээнд ажиллаж, ачааллыг хуваалцаж байх ёстой. Харин байнга бүс зүүснээр нурууны булчин чангарч сулрах, ачаалал даах чадвар нь багасдаг. Өөрөөр хэлбэл, нурууны булчин сулардаг тул нуруунд халтай. 

-Нурууны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Урьдчилан сэргийлэх гол арга тухайн хүний дэглэм, хувийн зохион байгуулалт. Тухайлбал, суугаа ажил хийдэг хүмүүс хоёр цаг тутам босоод хоёр минутын турш сунгалтын дасгал хийх, удаан хугацаанд зогсож ажилладаг бол нэг минут хатуу орон дээр хэвтэж, нуруугаа амрааж байх ёстой. Мөн хүн бүр өдөрт 15 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь тохиромжтой бөгөөд сунгалтын дасгал хамгийн чухал. Түүнчлэн жин ихсэх тусам нуруунд ачаалал их ирдэг тул жингээ барих хэрэгтэй. 

Нурууны үе холбоос, жийргэвч өөрчлөлтөд орсон л бол эргэж хэвэндээ ордоггүй. Мөн өөрчлөлтийн явц төдийлөн хүнд мэдрэгдэхгүй бөгөөд нэгэнт өөрчлөгдсөн хойно мэдэгддэг. Тиймээс урьдчилан сэргийлж, сунгалтын дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх нь үр дүнтэй. 

-Танай эмнэлэгт нурууны өвчний эмчлэх ямар төрлийн эмчилгээ хийж байна вэ?

-Манай эмнэлэг эмийн болон физик эмчилгээ, “pain management” нугасны тарилга хийдэг. Манай давуу тал нь бүсэлхийн нурууны бүх төрлийн мэс заслыг солонгос багаж, төхөөрөмжөөр чанартай хийж гүйцэтгэдэг. Мөн үйлчлүүлэгчдэдээ зориулан энэ сарын 1-нээс MRI, компьютер томограф оношилгоог хямдралтай үнээр хийж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.