Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Боинг компани 737 Max загварын нисэх онгоцнуудынхаа программыг шинэчлэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Боинг компанийн шинэхэн Boeing 737 Max 8 агаарын хөлөг богино хугацаанд хоёр удаа осолдож, нийтдээ 350 орчим хүний амь насыг хохироогоод байгаа билээ.

Өнгөрсөн Ням гарагт Этиопын нийслэлээс хөөрсөн ийм загварын нисэх онгоц хэдхэн минутын дараа газарт унаж, 157 хүний амь үрэгдсэн. Аравдугаар сарын 29-ны өдөр Индонезийн Lion Air компанийн мөн ийм загварын онгоц Жакарта хотоос хөөрснийхөө дараа далайд унаснаар 189 хүний амь үрэгдсэн юм.

Өнөөдөр дэлхийн хэд хэдэн улсын авиа компаниуд Boeing 737 Max загварын онгоцны нислэгийг түр хугацаагаар зогсоогоод байна. Өчигдөр буюу Даваа гарагт Боинг компани гаргасан мэдэгдэлдээ бүх Boeing 737 Max загварын онгоцныхоо нислэгийн хяналтын программ хангамжийг ойрын үед шинэчлэхээр бэлдэж байгааг зарлажээ.

Тус компани хяналтын программыг сайжруулах ажлаа Индонезийн онгоцны сүйрлийн дараа эхэлсэн юм байна. Гэхдээ дараалан гарсан ослуудын шалтгааныг уг программын шинэчлэлтэй одоогоор холбож тайлбарлаагүй байгаа юм.

Боингийн мэдэгдэлд программын шинэ хувилбарыг “угийн найдвартай нисэх онгоцыг улам найдвартай болгох зориулалттай” хэмээн тайлбарлажээ.

Өнөөдөр дэлхий дахинд ашиглагдаж байгаа бүх 350 орчим Boeing 737 Max онгоцны нислэгийн хяналтын программыг ойрын 2-3 долоо хоногийн хугацаанд шинэ хувилбараар солих юм байна.

Гэхдээ Боинг компани Индонезийн ослын дараахан буюу арваннэгдүгээр сард энэхүү шинэ хувилбарыг зургаагаас найман долоо хоногийн дараа нэвтрүүлнэ гэж мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаа ажээ.

Урьдчилсан байдлаар далавч болон агаарын урсгалын хоорондын өнцгийг хэмждэг мэдрэгч алдаатай ажилласны улмаас онгоц өндрөө алдахад хүргэсэн гэх дүгнэлт гарсан тухай мэдээлэл зарим эх сурвалжаар тараад байна.

 

Эх сурвалж: Reuters