Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эрх баригчид Boeing 737 Max загварын нисэх онгоцыг "одоохондоо аюулгүй" гэж үзлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн таван сарын хугацаанд хоёр удаа ижил төстэй байдлаар осолдож 300 гаруй хүний аминд хүрээд байгаа Boeing 737 Max загварын нисэх онгоцны техникийн аюулгүй байдал эргэлзээ төрүүлж байгаа билээ.

Тиймээс өнөөдрийн байдлаар Хятад, Индонез, Этиоп, Монгол, Өмнөд Африк, Кайманы арлууд зэрэг улс орнуудын агаарын тээврийн компаниуд энэхүү нисэх онгоцыг үйлчилгээнд ашиглахаа түр зогсоогоод байна.

Ингэснээр өнөөдөр дэлхий даяар нисэж байгаа 350 орчим Boeing 737 Max нисэх онгоцнуудын гуравны нэг орчим нь зогссон гэсэн үг юм.

Тэгвэл АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргаа (FAA) шинэ загварын нисэх онгоцнуудыг техникийн хувьд аюулгүй гэж үзээд үргэлжлүүлэн ашиглах тухайгаа өчигдөр зарлажээ.

Гэхдээ өмнөх хоёр ослын шалгалтын үр дүнд техникийн ямар нэг алдаа доголдол илэрвэл “даруй арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн байна.

FAA байгууллагын энэхүү мэдэгдлийг олон улсын авиа компаниудад АНУ-ын зүгээс тайвшруулах зорилгоор өгч буй эерэг дохио гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Гэхдээ FAA байгууллагын бүх мэргэжилтэн энэхүү шийдвэртэй санал нийлэхгүй байна. Тухайлбал FAA байгууллагын зөвлөх хорооны гишүүн, FlyersRights.org байгууллагын ерөнхийлөгч Пол Хадсон “FAA байгууллагын ‘байдлыг харзнах’ шийдвэр нь олон хүний амь насыг төдийгүй АНУ-ын агаарын тээврийн салбарын нэр хүндийг эрсдэлд оруулж байна” гэж шүүмжилжээ. Тэрээр АНУ ч гэсэн Boeing 737 Max агаарын хөлгүүдийн нислэгийг түр зогсоох ёстой гэж үзэж байна.

Ням гарагт Этиопын агаарын тээврийн Boeing 737 Max нисэх онгоц Аддис Абаба хотоос Найроби хотын чиглэлд хөөрөөд удалгүй осолдож, 157 хүний амь үрэгдсэн нь Boeing компанийн хувьцааны үнэ ханшид нөлөөлсөн байна.

Даваа гарагт тус компанийн хувьцааны үнэ хөрөнгийн зах зээл дээр 12 хувиар унасан юм. Арилжаа хаагдах үед Boeing-ийн хувьцаа 5.3 хувийн уналттай байсан нь 2013 оны долдугаар сараас хойшх хамгийн муу үзүүлэлт ажээ.

Boeing компанийн 737 ангиллын нисэх онгоцнууд дэлхийн агаарын тээврийн салбарын хамгийн найдвартай унаанд тооцогддог. 737 Max нь тус ангиллын 2017 онд зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн хамгийн сүүлийн загвар юм.

737 Max загварын нисэх онгоц нь илүү хүчтэй мөртлөө шатахуунд хэмнэлттэй хөдөлгүүртэйгээрээ өмнөх загваруудаас ялгардаг ажээ.

2017 оноос хойш Boeing 737 Max нисэх онгоцны захиалга 5,000 даваад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 350 орчим нь дэлхийн өнцөг булан бүрт нислэг үйлдэж байна.

 

Эх сурвалж: Reuters