Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Түмэн шувуут" ХК Мал бордож, мах экспортлох төсөлд Исламын бизнесийн холбоотой хамтран ажиллахаар боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Түмэн шувуут” ХК 2021-2022 оноос эхлэн мал бордож, мах экспортлох төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү төсөлд хамтран ажиллах саналыг Исламын бизнесийн холбоо тус компанид тавьсан байна. Хоёр тал хамтран ажиллах гэрээг энэ оны тавдугаар сард үзэглэх бөгөөд түүнээс өмнө гэрээний бэлтгэх ажлыг хангах зорилгоор өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

“Түмэн шувуут” ХК-ийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр “Исламын бизнесийн холбоо халал аргаар мах бэлтгэх үйлдвэрийг байгуулах, малыг мал эмнэлэг хорио цээрийн бүсэд бордож, гарал үүслийг тодорхой болгож, мах бэлтгэх чиглэлээр бидэнтэй хамтран ажиллах санал тавьсан. Хамтын ажиллагаа амжилттай болбол 2021-2022 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн Мал бордож, мах экспортлох төслийн цаг хугацаа наашилж, 2019-2020 оноос хэрэгжиж эхлэх боломжтой болно” гэлээ. 

Дундад Азийн халал аргаар бэлтгэсэн хонины махыг хэрэглэдэг улсуудыг нэгтгэсэн Исламын бизнесийн холбооны төлөөлөгч Худоёров Дониер Тошпулотович “Халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний тал дээр хамтран ажиллах боломжтой компаниудыг нь судлахад хамгийн тохиромжтой нь “Түмэн шувуут” ХК гэж тодорхойлогдсон. Уг компани нь шувууны, тэжээлийн аж ахуй, газар тариалангийн нөөц боломжтой учраас хамтран ажиллахаар эрмэлзэж байна” хэмээв.  

Санамж бичгийн хүрээнд Монголын тал буюу "Түмэн шувуут" ХК Мал бордож, мах экспортлох төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан боловсруулж, танилцуулах үүргийг хүлээж буй бол Исламын бизнесийн холбоо нь хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, Арабын орнуудтай гэрээ хийж, мэдээллээ нэгтгэх, хөрөнгө оруулалтын судалгааны ажлаа хийх юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.