Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дээр болдог хамгийн том сонгуулийн товыг зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улсын парламентын сонгуулийн санал хураалт дөрөвдүгээр сарын 11-нд болохыг тус улсын сонгуулийн хороо өчигдөр зарлалаа.

Уг сонгуулиар энэтхэгчүүд одоогийн ерөнхий сайд Нарендра Модиг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдэх юм.

Энэтхэг улс нь дэлхийн хамгийн том ардчилсан оронд тооцогддог бөгөөд 900 сая орчим хүн нэг дор саналаа өгдөг нь хамгийн их тоо юм.

Энэтхэгчүүд парламентын доод танхимын 545 суудалд суух эрхмүүдийг сонгох бөгөөд санал хураалт долоон үе шаттай хэрэгжиж тавдугаар сарын 19-нд дуусна. Ингээд 29 муж, долоон бүс нутгийн саналыг тавдугаар сарын 23-ны өдөр нэгтгэж тоолох ажээ.

Модигийн хинду үндсэрхэг үзэлт Бхаратия Жаната нам 2014 онд 282 суудал авч ялалт байгуулсан нь тус улсын сүүлийн 30 жилийн түүхэнд нэг нам хамгийн олон суудал авсан тохиолдол байв.

Саяхан хөрш Пакистантай үүссэн хилийн мөргөлдөөнийг ашиглан үндсэрхэг үзлийг дэвэргэх замаар дахин сонгогдох гэж байна хэмээн ажиглагчид Нарендра Модиг шүүмжилдэг.

Түүний гол өрсөлдөгч нь сөрөг хүчний Конгресс намын тэргүүн Рахул Ганди юм. Рахул Ганди бол Энэтхэгийн хамгийн нөлөө бүхий улс төрчдийн гэр бүлээс гаралтай хүн.

Моди 2014 онд ялахдаа Энэтхэгийн эдийн засгийг сэргээж, жил бүр 12 саяар ажиллах хүчний эгнээнд нэмэгддэг залуу үеийнхнийг ажлын байраар хангахаа амлаж байв. Гэвч Энэтхэгийн ажилгүйдэл нэмэгдэж, өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 7.2 хувьд хүрснийг судлаачид баталж байна.

 

Эх сурвалж: CNN