Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сицилийн мафийнхны зургаан жилийн өмнө цементэд хийж цутгасан хүний цогцсыг илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сицилийн мафийн дөрвөн алуурчин нэгэн эрийг 2013 онд амьдаар нь цементэд хийж, барилгын багананд цутгасан байсныг саяхан Италийн цагдаагийнхан илрүүлжээ.

Одоо 64 настай Италийн иргэн эмэгтэй өөрийнх нь үнэт эдлэлийг хулгайлсан найз залуугаа шийтгүүлэхийн тулд уг аллагыг захиалж байсан юм байна.

Хохирогч нь тухайн үед 41 настай байсан албани үндэстэн Ламай Астрид гэгч байжээ. Аллагаас зургаан жилийн дараа мафитай тэмцэх цагдаагийн албаныхан умард Италийн Сенаго тосгоны барилгын баганан дотроос хохирогчийн цогцсыг олсон байна.

Барилгыг шинэчлэн засварлах үеэр баганын цуурсан хэсгээс хохирогчийн хувцасны тасархай ил гарснаар хэрэг илэрсэн гэнэ.

Хэргийг нэгдүгээр сард илрүүлсэн ч Баасан гарагт анх удаа олон нийтэд мэдээлжээ.

Аллагыг үйлдсэн дөрвөн этгээд нь Сицилийн Калтаниссетта дахь Риесийн гэр бүлийн гишүүд байсныг тогтоож, баривчилсан байна.

Олон жилийн өмнөх аллага илэрснийг мэдсэн захиалагч эмэгтэй Италиас зугтах гэж байгаад Генуя хотын нисэх буудалд саатуулагджээ.

Тэр эмэгтэй үнэт эдлэлийг нь хулгайлсан найз залуугаа алуулахаар Сицилийн Риеси мафийнханд мөнгө төлсөн байна. Улмаар мафийн боссын тушаалаар дөрвөн алуурчин умард Итали руу явсан ажээ.

Сицилийн мафийнхны дунд хүнийг цементэд цутгаж алах явдал түгээмэл байдаг. 2009 онд Сицилийн Корлеоне тосгоны ойролцоо Рокка Бусамбрагаас мөн барилгын хананд цугтасан хүний араг яс олдож байжээ.

ДНХ шинжилгээ хийсний эцэст талийгаач нь 1948 онд Корлеонегийн бүлэгт алагдсан орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн Плачидо Ризото гэгч байсныг тогтоосон байна.

Одоогийн байдлаар 100 хүрэхгүй тооны хохирогчийн цогцос огт олдоогүй байгааг ийм аргаар Италийн хаа нэгтээ булшлагдсан байх гэж Италийн цагдаагийн мөрдөгчид үздэг юм байна.

 

Эх сурвалж: The Guardian