Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Диего Марадона Кубад гурван хүүхэдтэйгээ хүлээн зөвшөөрчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Аргентины хөлбөмбөгийн домогт тамирчин Диего Марадона Куба улсад өөрийнх нь гурван хүүхэд байдгийг анх удаа хүлээн зөвшөөрчээ.

Албан ёсны эхнэрээсээ төрсөн хүүхдүүдээс өөр хүүхэдгүй гэдгээ олон жилийн өмнө мэдэгдэж байсан 58 настай Марадона одоо нийтдээ найман хүүхдийн эцэг болоод байна.

Энэ оны сүүлээр тэр Куба улсын нийслэл Хаванад очиж, эцэг тогтоолгох шинжилгээ өгөх бөгөөд үүнийхээ дараа албан ёсоор хүүхдүүдээ хүлээн зөвшөөрнө гэж нэрт тамирчны өмгөөлөгч мэдэгджээ.

Кубад хоёр өөр эмэгтэйгээс төрсөн гурван хүүхэд нь байгаа юм байна. Нэгэн үе кокайнд донтож байсан Марадона 2000-2005 оны үед Кубад эмчилгээ хийлгэж байсан юм.

Тухайн үед тэрээр Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастротой нөхөрлөж, түүний дүрийг хөлөн дээрээ шивүүлж байсан гэдэг.

Одоо Марадона нь Мексикийн Дорадос де Синалоа хөлбөмбөгийн клубт дасгалжуулагчаар ажиллаж байна. Тэрээр 20 орчим жил хамт амьдарсны эцэст 2003 онд эхнэр Клаудиа Виллафанегаас салж байсан юм. Тэдний дундаас хоёр охин төрсөн нь өнөөдөр 29 ба 31 настай.

Дараа нь хоёр эмэгтэй шүүхэд хандаж Марадонаг хоёр хүүхдийн эцэг болохыг нь тогтоолгож байв. Тэдгээр эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдүүд өнөөдөр 32, 22 настай.

Хамгийн сүүлд Диего Марадонагийн найз бүсгүй Вероника Охедагаас төрсөн хүү Диего Фернандо нь зургаан нас хүрч байгаа юм.

 

Эх сурвалж: BBC