Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Британий иргэншлээ алдсан “Жихадын бэр” нялх үрээ бас алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

2015 онд 19 настайдаа “Исламын улс” бүлэглэлд элсэхээр төрөлх эх орон Британиас гарч Сирийг зорьсон Шамима Бегум шинээр мэндэлсэн хүүгээ алдсан тухай өчигдөр Сириэс мэдээлжээ.

Дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа Бегум өнгөрсөн сард хүү төрүүлсэн тухай мэдээлэл тарж байв. Тэрээр Лондон дахь гэрээсээ яваад “Исламын улс” бүлэглэлийн гишүүнтэй гэр бүл болж, нийтдээ гурван хүүхэд төрүүлсэн нь бүгд эндээд байна. 

Нөхөр нь мөн тулааны үеэр амь үрэгдсэн юм.

Их Британий засгийн газар Бегумыг буцааж авахаас татгалзаж, иргэншлийг нь цуцлах шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан.

Бегум эх орондоо буцаж очих хүсэлт гаргаад байсан юм. Саяхан АНУ-ын төрийн департмент мөн ийм замаар Сирид очсон Хода Мутанаг буцааж ирүүлэхийг хориглосон шийдвэр гаргаад байгаа.

Баруун Европын олон орон өнөөдөр “Исламын улс” бүлэглэлд нэгдэхээр Сири, Ирак руу явсан иргэдээ тэнд нь үлдээх үү, буцааж ирүүлээд шийтгэх үү гэсэн ацан шалаанд ороод байна.

“Исламын улс” бүлэглэлийн сүүлчийн хүч бут цохигдож, энэ байгууллагад харьяалагдаж байсан олон хүүхэд, эмэгтэйчүүдэд “хүмүүнлэгийн гамшиг” нүүрлээд байгаа юм.

Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас Баасан гарагт гаргасан мэдээлэлд өгүүлснээр Курдын хяналтад байгаа Аль-Хол хуаранд одоогоор 12,000 хүүхэд, эмэгтэйчүүд толгой хоргодож байна.

Арванхоёрдугаар сараас хойш тус хуаранг зорих замдаа болон хуаранд ирмэгцээ доод тал нь 100 хүн амиа алдсаны ихэнх нь тав хүртэл насны хүүхдүүд байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Guardian