Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгаангүй болсон Венесуэль улсын амьдрал бүрэн зогсоод байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн өдрийн 04:52 цагийн орчимд Венесуэль улсад эрчим хүчний томоохон тасалдал тохиолдож, ихэнх хэсэг нь гэрэл цахилгаангүй болсон юм.

Тэгвэл энэ байдал Баасан гарагт мөн үргэлжилж, улс орон бүхэлдээ харанхуй хэвээр байна. Ерөнхийлөгч Николас Мадуро бүх сургуулиудыг хааж, хувийн болон төрийн өмчийн бүх байгууллагын ажилчдыг амраах шийдвэр гаргажээ.

Тус улсын өмнөд хэсэгт оршдог Симон Боливарын нэрэмжит усан цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас энэхүү тасалдал үүссэн байна.

Эрх баригчид цахилгаан эрчим хүчний тасалдлыг сөрөг хүчнийхэн, АНУ-ын империалистуудын хорлон сүйтгэх ажиллагаа гэж нэрлэсэн юм. Гэвч мэргэжилтнүүд уг тасалдлыг авлига, хээл хахуульд идэгдсэн Венесуэлийн засгийн газрын буруу үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байна.

Тухайлбал 2017 онд тус улсаас дүрвэсэн, Уго Чавезийн үед газрын тосны сайд асан Рафаэль Рамирез “Байнгын засвар үйлчилгээ нь доголдож байгаагийн улмаас уг станцад гэмтэл гарсан. Бусад дулааны станцууд, цахилгаан түгээх байгууламжууд ч ийм байдалтай байгаа” гэж ярьжээ.

Венесуэльд ирэх болон явах нислэгүүд бүгд зогссоны улмаас олон улсын нисэх буудлын ажилчид гэрийн зүг алхах хэрэгтэй болсон байна. Каракасын метроны сүлжээ нь цахилгаан тасалдсаны улмаас зогсоод байгаа юм. 

Бямба гарагийн өглөө Николас Мадуро империализмын эсрэг цуглаан зохион байгуулахаар төлөвлөөд байсан нь цуцлагдах магадлалтай болжээ.

Пүрэв гарагаас Баасан гарагт шилжих шөнө Венесуэлийн эмнэлгүүдэд хэчнээн хүн гэрэл цахилгаангүйн улмаас амиа алдсан нь тодорхойгүй байна.

Хорлон сүйтгэх ажиллагааг зохион байгуулагчдын нэг хэмээн буруутгагдаад байгаа АНУ-ын сенатор Марко Рубио “Би Венесуэлийн ард иргэдээс уучлал гуйж байна. Би Apple-аас “цахилгаан халдлага” нэртэй аппликэйшн татаад ажиллуулсан нь буруудсан бололтой” хэмээн твиттер хуудсандаа хошигнон бичжээ.

 

Эх сурвалж: The Guardian