Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

SpaceX компанийн сансрын хөлөг дэлхийд амжилттай газардлаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Эх дэлхийдээ эргэж ирсэн Crew Dragon хөлөг

Долоо хоногийн өмнө сансарт хөөрсөн SpaceX компанийн Crew Dragon хөлөг бүс нутгийн цагаар өчигдөр өглөө Атлантын далайд амжилттай газарджээ.

Америкийн сансрын нисгэгчдийг АНУ-ын газар шороон дээрээс сансарт хөөргөдөг болгох уг хөлөг тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцад залгагдаж ажиллаад буцаж ирсэн нь энэ юм.

Хөлөгт энэ удаа осол эндэгдлийн үед турших зорилгоор “Ripley” нэртэй хиймэл хүнийг суулгаж тойрог замд илгээсэн байна.

Харин ирэх долдугаар сард анхны хүнээ тээвэрлэх зорилготой байгаа.

Дөрвөн ширхэг том шүхрийн тусламжтай Crew Dragon хөлөг далайн усанд хөнгөн бууж байгаа дүрс бичлэгийг NASA тараасан байна.

Хөлгийг тосож авахаар GO Searcher завь Флоридагийн Канавералын хошуунаас 450 орчим километрын зайд хүлээж байжээ.

Олон Улсын Сансрын Станцад долоо хоногийн өмнө Crew Dragon хөлгийг залгагдахад хамгийн түрүүнд Канадын сансрын нисгэгч Дэвид Сэйн Жак бүхээгт нь нэвтрэн орж байв. Тэрээр хөлгийн дотоод байдлыг “бизнес ангилал”-ын мэт тохь тухтай хэмээн магтаж байжээ.

Хөлгийг дэлхийн агаар мандалд буцааж оруулах үйл явц нь энэ аялалын хамгийн хүнд хэцүү хэсэг байсныг SpaceX компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Учир нь хөлгийн гадаад бүрхүүлийн тэсвэртэй чанар, шүхрийн системийн ажиллагаа хангалттай сайн туршигдаагүй байжээ. 

Найман жилийн өмнө NASA-гийн хөтөлбөр зогссоноор АНУ-ын сансрын нисгэгчид зөвхөн Оросын пуужингаар төлбөртэй сансарт нисдэг болоод байв.

Харин энэ оноос эхлэн Америкчууд дахин өөрийн газар шороон дээрээс өөрийн пуужингаар тойрог замд хүрдэг болох гэж байна.

Хөлгийн зорчигч болсон “Ripley” нэртэй хиймэл хүний биед сансрын нисгэгчид тохиолдож болох бүх нөлөөг мэдрэх мэдрэгчүүд байрлуулж, туршсан байна.

 

Эх сурвалж: The Guardian