Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

ГАДНЫ ОРНУУДЫН ЖИШЭЭ: “Ухаалаг” хот

Барилга.мн
2019 оны 3 сарын 7
Барилга.МН
 

“Ухаалаг”  хот гэж юу вэ?

“Ухаалаг” хот гэдэг нь байгаль орчинд ээлтэй зарчмаар хүмүүсийн амьдрах таатай орчныг бүрдүүлсэн хотыг нэрлэдэг. Энэ хотын тухай төсөөлөл нь зөвхөн зөв санааны үүднээс үүсээгүй бөгөөд дэлхийн эрчим хүчний нөөц хомсдож байгаагаас шалтгаалахын сацуу эдийн засгийн нөхцөл байдал буюу иргэдийн мөнгөө хэмнэх санал, санаачлагаас үүдэлтэй юм.

Улс орны хотууд дэлхийн эрчим хүчний 67 хувийг хэрэглэж нүүрс хүчлийн хийн 71 хувийг ялгаруулдаг.  Тодруулбал, байгалийн түүхий эд болох газрын тос, хий, нүүрс зэргийг хэмнэх шаардлага гарсан. Хоёрдугаарт эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үнэ ханш нь эрс өссөөр байгаа нь эрчим хүч хэмнэх нэг том түлхэц болж өгсөн. Иймээс л дэлхийн улс орон бүр эдийн засаг, улс төрийн түвшинд хотынхоо хөгжлийг техник технологийн дэвшилтэй хослуулж хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. 

Та бүхний энэ харж байгаа зураг бол архитектор Дрор Бешитритийн төсөл юм. Энд 30.000 хүн оршин суух хотын төслийг үзүүлсэн бөгөөд хар тэнгист байрлах 6 том хэсгээс бүрдсэн хиймэл арал бөгөөд орон сууц, сургууль, оффис, соёл, спортын цогцолбор, үйлдвэрийн барилга зэргээс тогтох бөгөөд хот нь өөрөө өөрийгөө эрчим хүчээр хангадаг байх юм.

Архитектор Дрор Бешитритийн “Ухаалаг”  хотын төсөл

 

Мөн хэсэг тус бүр өөрийн гэсэн бичил уур амьсгалыг бүрдүүлсэн ногоон байгууламжтай байх аж. Гэхдээ энэхүү төсөл нь одоогийн байдлаар зөвхөн цаасан дээр байгаа юм. Харин “Ухаалаг” хотын эхлэл Европод хэдийнэ тавигдсан бөгөөд орчин үеийн хувийн орон сууцнууд нь өөрийгөө эрчим хүчээр хангаад зогсохгүй төвийн шугамд эрчим хүч нийлүүлдэг болсоор багагүй хугацаа болж байна.

 

Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хувьд биеэ даасан барилгууд ихээр баригдах болсон. Эдгээр нь нар, салхины эрчим хүчээр цахилгаан, дулаан, халуун усны хэрэгцээгээ хангаад зогсохгүй саарал усаа мембранан технологийн ус цэвэрлэх төхөөрөмжөөр цэвэрлэж буцаан ашигладаг. Мөн борооны ус цуглуулж ариун цэврийн өрөөний болон угаалгын усаа хангадаг байна.

Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаан, халуун усны хэрэгцээгээ хангадаг байшин

 

Үүгээр зогсохгүй байшингийн бүх цахилгаан хэрэгслийг удирдах автомат удирдлагатай аж. Ингэхдээ өрөө тасалгааны агаарын чанарыг шалган нүүрстөрөгчийн хийн хэмжээ ихэссэн тохиолдолд цонхыг нээгээд, агаар хангалттай цэвэр болсон тохиолдолд хаахын хамт өрөөний гэрлийг хүн байхгүй тохиолдолд унтрааж, хүн орж ирэх тохиолдолд асаадаг байна.

Байшингийн бүх цахилгаан хэрэгслийг “Stand by” хүнгүй үед бүрэн унтраах, тасалгааны температурыг тохируулах зэрэг бүх үйл явц автоматчилагдсан байна.

Ухаалаг байшин буюу бүх цахилгаан хэрэгсэл нь автомат удирдлагатай байшин

 

Түүнчлэн зарим ажлын байр, зочид буудал, сургууль, аж үйлдвэрийн барилгууд ч  нарны эрчим хүчээр ажилладаг болжээ. Тэр байтугай эрчим хүчний хувьд бие даасан суурин, тосгод ч бий болсоор байна.

Өөрөө өөрийгөө цахилгаан дулаанаар хангадаг тосгон (ХБНГУ)

 

ХБНГУ-д гэхэд 8,000 гаруй ийм тосгон байдаг аж.  Эдгээр тосгодын иргэд нар, салхи, биогаз, усны эрчим хүчийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэн өөрсдийн хэрэгцээг бүрэн хангаж байна. Үүгээр зогсохгүй илүүдэл эрчим хүчээ төвийн шугам сүлжээнд тодорхой үнэ, тарифын дагуу нийлүүлдэг байна. Ингэхдээ оршин суугчид нь нэгдэл байгуулж өөрсдийн хөрөнгөөр сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулалт хийж шинэ тоног төхөөрөмж худалдан авч суурилуулдаг байна.

Харин хэсэг хугацааны дараа өөрсдийн хөрөнгө оруулалтыг буцааж төлсний дараа маш хямд эрчим хүчийг хэрэглэх боломжтой болдог байна. Байшин барилгад сэргээдэх эрчим хүчийг ашиглаад зогсохгүй зарим хотын төлөвлөлтөд нийтийн тээвэр, хувийн автомашин, унадаг дугуйг цахилгаанаар цэнэглэх станцуудыг барих, био түлшээр ажилладаг автобус, машин ашиглах зэрэг ажлуудыг давхар төлөвлөж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ бүх эрчим хүч хэрэглэгчийн мэдээллийг цахим сүлжээнд холбож мэдээллийг түргэн шуурхай солилцох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр эрчим хүч хэрэглэж буй бүх үйлчлүүлэгч ямар нэг сааталгүйгээр үйл ажиллагаагаа явуулах, эрчим хүчний сүлжээний найдвартай байдал хангагдах юм байна. 

Мөн Засгийн газар нь энэхүү арга хэмжээг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна.
Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи хүчтэй хөгжсөн нь “Ухаалаг” хот бий болох таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл хотын албан

газрууд нь цахим сүлжээнд нэгдсэнээр мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, ингэснээр асуудлыг шийдвэрлэх хугацаа богиносох, хамгийн оновчтой шийдлийг олон хувилбараас сонгон авах зэрэг давуу талууд бий болж эхэлжээ. Нөгөө талаас дэлхийн олон хот ногоон байгууламжийн талбайгаа нэмэгдүүлэх талд ажиллаж эхэлсэн байна. Жишээлбэл, АНУ-ын Даллас хотын захиргаа тус хотыг АНУ-ын хамгийн ногоон хот болгохоор зарлажээ. Далласын дундуур урсдаг Тринити голын эргээр 4,000 га талбай бүхий “Ногоон дүүрэг” байгуулахаар төлөвлөжээ.

Даллас хотын “Ногоон дүүрэг”-ийн төлөвлөлт

 

Энэхүү дүүрэг нь хотын оршин суугчдын амралтын төв болоод зогсохгүй голын эргээр зүлэг ногоо, мод тарьснаар үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зорьж буй ажээ. Тэгвэл БНХАУ-ын Тянжин хотынхон ногоон байгууламжаа тэлж хотын тээврийн замуудыг газар доогуур байгуулснаар хотыг тэр чигт нь ногоон бүс болгож хувиргах төлөвлөгөө гарган ажлаа эхэлжээ.

Гүржийн Тифлис хотын захиргаа ч зүүн Европын хамгийн ногоон хот болох зорилго тавьсан байна. Тус хотын цөлжиж буй 261 га газрыг ногоон болгоод зогсохгүй нийт эрчим хүчний 90 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилго тавьжээ.  

Ногоон байгууламжид олон арван га талбай гаргах боломжгүй хотуудын хувьд зүлэг ногоо болон модыг байшин барилга дээр тарих төслүүдийг санаачлаад байгаагийн нэг тод жишээ нь Францын алдарт архитектор Винсент Каллебуunay “Paris smart  city 2050” төсөл юм.

“Paris smart city 2050” төсөл

 

Энэ бүгдээс харахад “Ухаалаг” хот гэдэг нь зөвхөн эрчим хүч хэмнээд зогсохгүй байгаль орчинд ээлтэй, хүний амьдрах эрүүл, таатай орчинг бүрдүүлэн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлсэн, техник технологийн дэвшлийг нэгтгэсэн нэгэн цул систем билээ. 

 

Эх сурвалж: Барилга.мн

Зураг