2021/05/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.06₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
15:00
S30
13°
16:00
S26
14°
17:00
S30
14°
18:00
S30
13°
19:00
S30
12°
20:00
S30
10°
21:00
S29
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэйчүүдийн манлайлал үгүйлэгдсээр...

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2019 оны 3 сарын 7
Үндэсний шуудан
Зураг

Эмэгтэй хүн биеийн хүчнээс бусад зүйлд эрчүүдээс дутахгүй ч бүхий л салбарт эмэгтэйчүүдийн манлайлал үгүйлэгдэж байна. Энэ нь түүхэн уламжлалаас үүдэн шийдвэр гаргагч нь эрэгтэй, дагагч нь эмэгтэй хүн байдаг гэсэн үзэл орчин цагт ч бидний далд ухамсарт байгаатай холбоотой гэдгийг хэн хүнгүй мэднэ. Уг нь боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдийнхээс дээгүүр байдаг. Гэсэн ч шилдэг манлайлагчид эрэгтэй хүн тохирно гэж үздэгээс удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийг цөөн сонгож байгаа гэхэд хилсдэхгүй. Улмаар шийдвэр гаргагч удирдагч болсон цөөн эмэгтэйг муухан эр хүнээс илүү гэж томьёолсоор өдийг хүрлээ.

Адилхан боловсролтой, ажилдаа эрчүүдээс ч илүү чармайлттай ханддаг эмэг-тэй хүн “дайчин, зоригтой, итгэлтэй” байж чадахгүй гэж үү. Үгүй л болов уу. Харин ч байгалиас заяасан энэрэнгүй сэтгэлээ мэдлэг боловсролтойгоо уялдуулан манлайлагч болж буйг цөөн эмэгтэйгээс харж болно. Тухайлбал, улс төрд зүтгэж буй хүмүүсээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Өмнөх парламентын үед гишүүнээр ажиллаж байсан С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Г.Уянга, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул, Ц.Байгалмаа нарыг онцолж болох юм.

Одоогийн Засгийн газрын гишүүн, сайд асан Ц.Цогзолмаа, сайд Д.Сарангэрэл нарын хувьд хариуцлагатай салбарын галыг унтраахгүй удирдсан манлайлагч эмэгтэйчүүд. Өөрийн үзэл бодлоосоо ухардаггүй, хэлэх гэсэн үгээ хэний ч өмнө хэлчихдэг, ажлын өндөр хариуцлагатай байдал нь тэдний чимэг. Мөн олон жил улс төрд зүтгэж, хариуцлагатай салбарыг хэдэнтээ удирдсан хүн нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол. Хэлсэн үг нь намын нөхдөд нь үнэтэй тусдагаас түүний үнэ цэнийг мэдэж болно.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа ч парламентад эдийн засгийн мэдлэгээрээ өнгөлж, асуудлыг судалгаа, нотолгоотой нь гаргаж тавьдаг, ажил хэрэгч, үлгэр жишээ эмэгтэй. Дэд сайд Х.Булгантуяагийн хувьд алба, ар гэрийн ажлаа зэрэгцүүлж амжилттай яваа залуу боловсон хүчин, манлайлагч эмэгтэй.

Эмэгтэй хүн өндөр карьер, гэр бүл хоёрыг зэрэг авч явж болдгийг тэр өөрөөрөө харуулж байгаа. Тэрбээр аль ч Засгийн газрын үед Сангийн сайд болно гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн. Бүхий л томоохон хэлэлцээр, гэрээнд дэд сайд Х.Булгантуяа л оролцож байна. Гишүүн асан С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Г.Уянга нар ч АН-ын манлайлагч, улстөрч эмэгтэйчүүд.

Үүнээс гадна хийсэн ажилдаа эзэн болж, амжилтад хүрдэг ч гэр бүлийнхнээрээ овоглож, төдийлөн нэр нь гардаггүй хүмүүсийн нэг нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул юм. Гэсэн ч тэрбээр хариуцсан ажилдаа эзэн болж, амжилтаараа олонд танигдаж эхэлж байгаа манлайлагч эмэгтэй. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаагийн хувьд нийслэлийн ИТХ-ын даргад өөрөө нэр дэвшсэнээрээ удирдлагын түвшинд эмэгтэй хүн гарч болно, гарах хүсэл зориг байгаа гэдгийг илтгэсэн. Түүнээс эмэгтэйчүүд үлгэр жишээ авч, удирдлагын түвшинд өрсөлдөх урам зориг авах биз.

Түүнчлэн бусад улс оронд ч манлайллын үлгэр жишээ болж буй эмэгтэйчүүд олон бий. Тухайлбал, АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама байна. Тэрбээр АНУ-ын анхны Африк Америк гаралтай тэргүүн хатагтай бөгөөд дэлхий дахины охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах үйлст бүхий л зүйлээ зориулж, айл өрхүүдэд илүү эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлан түгээж буй манлайлагч эмэгтэй юм.

НИЙГЭМ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ИЛҮҮТЭЙ ШҮҮМЖИЛДЭГ

Бээжин хотод 1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөв дэх чуулга уулзалтаас улс орнууд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг 30 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн байдаг.Үүнээс хойш эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр улс орнуудын хийсэн ажлын үр дүнд тодорхой ахиц гарчээ. Тухайн үед парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 11 хувь байсан бол 2015 оны байдлаар 22.1 хувь болж өссөн байна.

Манай улсын хувьд нэг үеэ бодоход улс төр, бизнесийн салбарын удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэн ч төдийлөн хангалттай төвшинд хүрээгүй. Улс төрийн намууд ч нэр дэвшүүлэх квотын 30 хувийг эмэгтэйчүүдэд олгоод байгаа. Тиймээс ч энэ удаагийн парламентад өмнө нь байгаагүй олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдсон юм.

Гэхдээ тэдний нэгдэл, дуу хоолой олон нийтэд төдийлөн хүрэхгүй, улс орны бодлого, хөгжлийн асуудал ярихгүй байна гэсэн шүүмжлэл бий. Энэ нь үнэний ортой ч нийгэм өөрөө эмэгтэй улстөрчдөд илүү өндөр шаардлага тавьж, анхааралтай ажиглаж байдагтай холбоотойг үгүйсгэхгүй. Тэдний юу өмсөж, хэнтэй уулзаж, чөлөөт цагаараа юу хийдэг гэх мэтээр алхам бүрийг нь нийтээрээ ажигладаг гэж хэлж болно.

Гэтэл хууль санаачилдаггүй, хуралдаандаа суудаггүй эрэгтэй гишүүд үе үеийн парламентад байсаар байтал тэднийг эмэгтэйчүүдээс илүү шүүмжилдэггүй нь үнэн. Наад захын жишээгээр чуулганы хуралдаанаа хамгийн их тасалдаг гишүүдийн нэг Б.Наранхүүгийн оронд эмэгтэй хүн байсан гэж бодвол түүнийг хэчнээн их нулимж, харааж, гутаах бол. Харин эрэгтэй хүн болохоор нь байж болно гэж харах жишээтэй.

Энэ нь нийгэм өөрөө эмэгтэйчүүдэд илүү шүүмжлэлтэй ханддагийг харуулж байгаа хэрэг. Ингэснээрээ сонгогчдод эмэгтэй хүнийг улс төрд гаргах хэрэггүй гэсэн сөрөг хандлага төрүүлдэг бол улс төрд орох сонирхолтой эмэгтэйчүүдэд эрсдэлтэй гэсэн сануулга болох нь бий. Уг нь сонгогчид хүйс хамаарахгүйгээр бүх улстөрчдөд ижил шаардлага тавих нь тэгш эрхийн зарчим байлтай.

Нөгөөтэйгүүр олон нийт улстөрчид улс орныхоо хөгжил, дэвшилд ямар үүрэг, оролцоотой байгаад анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг. Гаргасан бодлого, шийдвэр нь оновчгүй байвал шүүмжлэх ёстой. Тиймээс эмэгтэйчүүд манлайлахын тулд мэдлэг боловсрол, ёс зүй, хандлагаараа хэний ч хүндлэл, бахархлыг хүлээх чадвартай байх хэрэгтэй. Хэлсэн үг, үйлдлээрээ олны доог тохуу болж, мөнгөөрөө түрий барьж улс төрд орсны балаг эхнээсээ гарч байна шүү дээ.

ЭМЭГТЭЙЧҮҮД БИЕ БИЕЭ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

Манлайллын орон зай эрэгтэйчүүдийнх гэж ойлгодог нийгэмд эмэгтэйчүүд эмэгтэй хүнээ дэмжиж, тусалж, амжилтыг нь уухай-лах үзэгдэл дутагдаж байна. Гэрэлд туссан эмэгтэй хүнийг эр, эм гэлтгүй гадуурхаж, далд атаархлаа үл тоомсорлох, бассан байдлаар илэрхийлдэг нь нууц биш. Амжилттай яваа нэгийгээ хойш нь чангааж, тамын тогооны үлгэр шиг байвал эмэгтэйчүүд хэзээ ч улс орны бодлого ярьж, удирдлагын түвшинд хүрч чадахгүй. Өнгөн дээрээ эмэгтэйчүүд эрхтэй ч хүйсээрээ далдуур ялгаварлуулсаар байх болно. Эмэгтэйчүүд өөрсдөө нэгдмэл байж л олон нийтийн хандлагыг өөрчилж чадна шүү дээ.

Түүнчлэн эцэг, эхчүүд охидынхоо боловсролд илүүтэй анхаардаг ч шийдвэр гаргагч, удирдагч болоход багаас нь дэмжлэг үзүүлдэггүй. Эмэгтэй хүн нөхрийнхөө үгэнд орж, шийдвэрийг нь дагадаг, хүүхдээ гаргаж, ар гэрийн ажлаа хийх ёстой гэсэн уламжлалт сэтгэлгээ одоо ч ханхалсаар байгаа. Боловсрол, мэдлэг хөөцөлдөж, нөхөр, хүүхэдгүй 25 нас хүрсэн бол “Хөгширлөө, нас чинь явлаа. Нөхөртэй болж, хүүхэд гарга” гэдэг үгийг байнга сонсоно.

Хэдийгээр нөхөрт гарч, үр хүүхэдтэй болох нь эмэгтэйчүүдийн үүрэг ч гэлээ өөрийнхөө ирээдүйн төлөө мэдлэг боловсрол эзэмшиж, карьераа хөөх боломжийг гаднын хүн байтугай гэр бүлийнхэн нь хааж болохгүй билээ.

Зураг
x