Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Тоби Мендэл: Гүтгэлгийг Эрүүгийн хуулиас хасаад буцаан оруулах гэж буй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 3 сарын 7
iKon.MN
 

“Дэлхийд хаана ч байхгүй тохиолдол Монголд байна. Гүтгэлгийг Эрүүгийн хуулиас хасаад буцааж оруулах гэж буй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй. Олон улсын хууль тогтоомжууд, туршлагаас харахад үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой хэргийг Эрүүгийн хуулиар зохицуулахыг буруу гэж үздэг. Тэр тусмаа шоронд хорих шийтгэл байж болохгүй гэдэг дээр санал нэгддэг” хэмээн Ардчилал, хуулийн төлөөх төвийн захирал, Канадын хуульч Тоби Мендэл өнөөдөр болсон “Сонгууль ба хэвлэл мэдээлэл” уулзалтын үеэр тодотголоо. 

Энэхүү уулзалтыг өчигдөр тохиосон Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн хүрээнд Нээлттэй нийгэм форум, Глоб интернэшнл төвөөс хамтран зохион байгуулсан юм. Уулзалтад Хууль зүйн ухааны доктор, профессор О.Мөнхсайхан, Глоб интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, тус төвийн хөтөлбөрийн менежер Б.Онон болон Тоди Мендэл нар илтгэл тавив. 

 
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсад Зөрчлийн тухай хуулийн 6.21-т заасан гүтгэх зөрчлөөр 374 зөрчил бүртгэгдэж, 57 хүн, 2 хуулийн этгээдийг нийт 118 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулаад байгаа аж.

Үүний хоёр хуулийн этгээд нь хэвлэл мэдээллийн редакц бөгөөд нийт 40 сая төгрөгийн торгуульд орсон байна.

Энэ мэт цагдаад дуудагдах, шүүхэд очихтой холбоотойгоор сэтгүүлчид, редакциуд мэдээ нийтлэхдээ цензур тавьж, эцсийн дүндээ иргэдийн мэдэх, мэдээлэл авах эрх зөрчигдөх эрсдэлтэй гэдгийг хуульч О.Мөнхсайхан илтгэлдээ дурдсан юм. 

Үүний цаана нийтэд чухал мэдээллийг олон нийт олж авч чадахгүйгээс болж авлига цэцэглэнэ, хууль дээдлэх ёс байхгүй болно гэдгийг нэмж хэлсэн. 

 

Тэгвэл Зөрчлийн хууль болон Эрүүгийн хуульд гүтгэхтэй холбоотой заалт орсон талаар Тоби Мендэлийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

  • Эрүүгийн хуулиас гүтгэн доромжлохтой холбоотой заалтыг аваагүй ч түүнийг хэрэглээгүй 30-40 жил болсон манай Канад шиг улс дэлхий дээр олон байна. Нэгэнт тодорхой, шаардлагагүй зүйл дээр хуулиас заалт авах гэж Парламентын цагийг үрэх хэрэггүй гэж үздэг. 
  • Олон орны туршлагаас харахад гүтгэн доромжлохыг Иргэний хуулиар зохицуулах нь хангалттай
  • Нэгэнт өндөр дүнтэй торгууль ногдуулж байгаа нь худал мэдээлэл тараахгүй байх хангалттай хөшүүрэг. 
  • Монголын хувьд Эрүүгийн зохицуулалтыг ашиглаж гүтгэсэн хэмээн гомдол гаргаж байгаа нь жирийн иргэн биш, улс төрийн томчууд байна. Тэд үгээ хэлээд л нэр төрөө хамгаалах боломжтой хүмүүс.
  • Олон улсын практикаас Зөрчлийн тухай хуулийг би олоогүй. Европын орнууд болоод бусад улсад огт байхгүй ийм хууль Монголд хэрэгтэй юу, үгүй юу?
  • Үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ямар нэгэн хязгаар байх ёсгүй
  • Зөрчлийн хуулиар гүтгэж, доромжилсон эсэхийг цагдаа нотолж байна. Гэвч цагдаа гүтгэлэг мөн, биш гэдгийг салгах, хуулийг хэрэглэх ур чадварт бэлтгэгдсэн субьект биш. Тэд нийтэд торгууль ногдуулж байгаа нь угаас буруу. 
  • Шүүх сэтгүүлчийг эх сурвалжаа илчлэхийг тулгаж болохгүй. Энэ нь сэтгүүлчийн эрх.
  • Одоогийн нөхцөлд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг дагах эсэх нь сайн дурынх байгаа. Харин уг гаргасан шийдвэр хуулиар зохицуулагдах хэмжээнд байх хэрэгтэй.