Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Нуранги үүссэн эцсийн дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцох асуудал яригдана"

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд буюу ослын голомтод ажиллаад иржээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин ослын талаар танилцуулга хийсэн байна. Тэрбээр мөн хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Шадар сайд "Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаж байгаа учир эрэн хайх ажиллагаа явуулах хүндрэлтэй байна.

Аврагчид хүнд нөхцөлд, 80 метрийн гүнд, хүйтэн ус, мөсөн дор бүхий л боломжоороо тасралтгүй ажиллаж байгаа. Иймд дахин хүний амь нас эрсдэх, аврагчид амь насаа алдахаас урьдчилан сэргийлж ажиллахыг албаны хүмүүст даалгасан. Эрэн хайх ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж байна. Аврагчдын хувцас шаардлага бүрэн хангахгүй байгаа учраас цаашид үүнд анхаарч ажиллахыг анхааруулсан. Амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан. Тэдний сэтгэл санаа маш хүнд байгаа ч аврагчид сайн ажиллаж байгааг хэлж байна.

Урьдчилсан байдлаар “Эко алтан Заамар” компани ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу үйл ажиллагаа явагдаагүйгээс үүдэн осол гарсан гэсэн дүгнэлт гараад байгаа. Эцсийн дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцох асуудал яригдана" хэмээн хэлэв.

Мөн Заамарт алтны 100 гаруй компани ажиллаж байгааг хэлээд бүгдэд нь хяналт тавьж, сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгож, шаардлага хангахгүй бол хаах хүртэл арга хэмжээ авахыг даалгажээ.

 

 

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс