Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

О.Магнай: Ардчилсан нам гэмт хэрэгт орооцолдсон хэн нэгнийг улс төрийн шалтгаанаар өмгөөлөхгүй

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ардчилсан нам мэдэгдэл гаргаж буй талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар өнөөдөр мэдээллээ. Тус нам гэмт хэрэгт холбогдсон хэн нэгнийг улс төрийн зорилгоор өмгөөлж хамгаалахгүй гэдгээ мэдэгдсэн юм. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна. 

-АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-н бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар "Эрдэнэт" үйлдвэрийн 49%-ийг худалдаж авах үйл явцад оролцсон гээд байгаа. Энэ хүмүүстээ танай нам хариуцлага тооцох уу?

-Гэмт хэргийн шинжтэй ямар ч үйлдэлд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай холбоотой байр сууриуд яригдаж байна. Эрүүгийн хэрэг хийсэн нь тогтоогдвол хариуцлагыг нь тооц. АН-ын хэн ч байсан гэмт хэрэгт холбогдсон бол хайрлах шаардлагагүй. 

-"Эрдэнэт" үйлдвэрийн 49%-ийг "Монголын зэс корпораци" худалдан авсан үйл явцын талаар АН ямар байр суурьтай байгаа вэ? 

-Засгийн газрын хуралдааны зарим хэсгийн "Нууц"-аас гаргалаа гэдэг мэдээ явснаас таван цагийн дараа нэвтрүүлэг гарсан. АН яг л ийм хэмжээний мэдээлэлтэй байгаа. Телевизийн нэвтрүүлэгт 100% итгэх хэцүү. Гэхдээ гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд тэндээс харагдсан. Энэ талаар хууль, шүүхийн байгууллага байр сууриа илэрхийлсний дараа АН байр сууриа илэрхийлнэ. 

Зарчмын хувьд ямар ч луйвар, хулгайг АН өмгөөлөхгүй. АН-ын одоогийн гишүүн, өмнө нь АН-аас төрийн өндөр албан тушаалд суусан байж болно. Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалж, ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавих болно.

-Энэ нь зөвхөн таны байр суурь уу, АН-ын даргын байр суурь уу? 

-АН-ын байр суурь гэдэг бол намын даргын байр суурь. 

-Сая "Эрдэнэт" үйлдвэрт онц байдал зарлалаа. Онц байдал зарлах талаар тодорхой заалттай байдаг юм билээ. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ? 

-Онц байдал биш, Онцгой нөхцөл гэж үзэх байх. Онц байдал зарлахыг УИХ-аар шийддэг.

Сүүлийн үед санаа зовоож байгаа нэг асуудал нь ЗГХЭГ-ын дарга шүүх, пркурор, цагдаагийн ажлыг давхар хийж байна. 1992 оны хувьчлалыг шалгана гэх мэтчилэн дан гэмт хэргийн чиглэлээр ярих боллоо. Үнэхээр гэмт хэргийн чиглэлээр мэргэшсэн бол Л.Оюун-Эрдэнийг АТГ, ЦЕГ-ын даргаар томилох нь тохиромжтой гэж харагдаж байна.

Нэгдүгээрт, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэмтэнд тооцохгүй. Хоёрдугаарт, хуулиар оногдоогүй үүргийг гүйцэтгэж, хэн нэгнийг яллаж болохгүй. 

-Ерөнхий сайд өөрийгөө "Шүдгүй арслан" гэж байсан. Тэгвэл одоо УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга, хотын даргаа өөрчиллөө. Энэ талаар юу хэлэх вэ?

-МАН УИХ-д албан ёсоор 64, албан бусаар 66 суудалтай, эрх барьж буй улс төрийн хүчин. У.Хүрэлсүх өөрийн хүмүүсээ УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын даргаар тавьчихаад шүдгүй гэвэл Монголд шүдтэй амьтан байхгүй. Өөртэй нь сөргөлдсөн нам доторх бүх хүнээ нам дарсан. Хамгийн хурц шүд У.Хүрэлсүхийн аманд байна. Ийм байхад юм дийлэхгүй байна гэвэл У.Хүрэлсүх явах хэрэгтэй. 

-Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?

-2016 оны сонгуулийн дараа өгсөн амлалтуудаа МАН белүүлээгүй. Хамгийн чухал боловсролын салбарын сайд нь л гэхэд дөрвөн удаа солигдсон. Төрийн ажлыг 3-4 сар гацаалаа. Манай нам судалгаа хийхэд нийгмийн 70-80 хувь нь МАН амлалтаа биелүүлээгүй гэж үзэж байгаа. Гэвч энэ талаар хөндөхөөр нийгмийн анхаарлыг өөр зүгт хандуулж,  орой бүр популизм хийж, нийгмийн сэтгэл зүйг хэн нэгэн рүү хандуулж байгаа нь буруу. 

2016-2019 онд Монгол Улс дороо хий л эргэлээ. Эрх баригчид бүхэлдээ хэрүүлтэй байлаа. Энэ хэрүүлдээ АН-ыг оруулж ярьж байгааг бид эсэргүүцэж байгаа. АН долоохон суудалтай улс төрийн хүчин. Ямар ч ажил АН-аас шалтгаалахгүй, УИХ-аас шууд хамаарна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад 51 кноп хэрэгтэй. Гэтэл МАН 64 суудалтай байж АН ажил хийлгэхгүй байна гэж байгаа бол туйлын хариуцлагагүй хэрэг.

-АН бүлэггүй болсон. АН-ын хүч суларч байгаа юм биш үү?

-Улс төрийн хүч суларч байна гэхээс илүү АН улам цул болж байгаа гэж үзж байна. Үзэл санаа нэгтэй, чанга, байр сууриндаа хатуу зогсдог, цөөхүүлээ байх нь илүү зүгээр. Энэ бол намын байр суурь. 

-Л.Болд гишүүн намаас гарах өргөдлөө өгсөн үү?

амаас гарах өргөдлөө өгсөн. Намд гишүүнээр бүртгэсэн анхан шатны байгууллага энэ асуудлыг шийдэх ёстой. Хаврын чуулганаас өмнө хурлаа хийгээд нэг тийш болгоно. 

-ШХАБ-т элсэх тухайд АН ямар байр суурьтай байгаа вэ?

-Сүүлийн 100 жилийн бүхий л түүх Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө байсан. Үүний нэг гол барьц нь гурав дахь хөрш байсан. Гуравдагч хөрштэй болсон нь бидний үнэт зүйл. Энэ үнэт зүйл дээрээ АН хатуу зогсоно. 

-АН хоёр хуваагдаад намын даргаа солих тухай яриад байна, үнэн үү?

-С.Эрдэнэ бол АН-ын дүрмээр нийт гишүүдээр сонгогдсон дарга. Зарим нөхөд хуучин дүрмээрээ яриад огцруулна гэсэн сураг байсан. С.Эрдэнэ дарга 2020 оны сонгуулиар дүнгээ тавиулна. Наана нь халах, солих боломжгүй. Намын даргын ард бид хатуу зогсож байгаа. 

-"Эрдэнэт"-ийн 49%-тай холбоотой Ч.Сайханбилэгтэй уулзсан уу?

-АН Ч.Сайханбилэгтэй энэ асуудлаар уулзалт хийгээгүй. Тухайн хүний байр суурь ч гарсангүй. АН гэмт хэрэгт орооцолдсон хэн нэгнийг улс төрийн шалтгаанаар өмгөөлөхгүй. 

-МАНАН бүлэглэл гэж үнэхээр байна уу?

-Би санадаг, анх Ерөнхий сайд Н.Алтанхуяг шадар сайд болоод МАН-ын дарга С.Баяр Ерөнхий сайд болоод МАНАН бүлэг байгуулагдсан гэж ярьдаг. Тухайн үеийн жагсаалаар таван хүн амиа алдаж, Н.Алтанхуяг таван сайдын суудал авсан. Нэг хүний амиар нэг сайдын суудал авсан. Эдгээр хүний амнаас МАНАН гэдэг үг хамгийн ихээр гарч байгаад харамсаж байна. 

Өнөөгийн АН-ын удирдлагаар С.Эрдэнэ дарга болоод нэг л үг хэлсэн. С.Эрдэнэ АН-ын даргаар ажиллаж байх хугацаанд Ардчилсан нам МАН-тай нийлж засаг байгуулах хэмжээний хамтын ажиллагаа байхгүй гэсэн. АН аль ч тохиолдолд МАН-тай жижиг, том хамтарсан ажиллагаанд орохгүй. 

-ЖДҮХС-аас зээл авсан төрийн албан хаагч, өндөр албан тушаалтанд хариуцлага тооцуулах талаар ярьж байна. Танай намаас ИТХ-д гарсан төлөөлөгч ЖДҮХС-ийн зээл авсан хэрэгт холбогдсон. Энэ хүндээ ямар хариуцлага тооцох вэ?

-Яг хэн гэдэг хүнийг хэлж байна?

-П.Батчимэг.

-Амлая, бид П.Батчимэг гэдэг хүнийг яг энэ хурлын дараа ЦЕГ-т өргөдөл гаргаад өгье. АН бүрэн цэвэрлэгдэнэ. Иргэдийн боломжийг хулгайлсан хүмүүстэй АН хэзээ ч нэг дээвэр дор байхгүй гэлээ. 


АН-ын МЭДЭГДЭЛ:

Ардчилсан намын удирдлагад байсан төдийгүй Ардчилсан намын гишүүн байж байгаад МАН-ын албан бус гишүүн болсон, ЖДҮХС-аас их хэмжээний мөнгө завшсан "хулгайч" нар мэдэгдэл хийж, ээлжит гүтгэлгээ тараалаа.

Ардчилсан нам нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, ЖДҮХС-ийн хулгай, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүдийн хамгаалалт дор барьцаанд тавьсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр оруулан, хариуцлага тооцох талд байгаагаа энэхүү мэдэгдлээрээ дахин нотолж байна.

Эрх баригчдын амны уншлага болсон шударга ёсыг тогтоох хангалттай боломж парламентад, 64 суудалтай эрх баригч намд байгааг дахин сануулъя. Ардчилсан нам ажил хийлгэхгүй байна гэдэг үлгэрээ нэн даруй зогсоож, сонгуулиар амласан амлалтаа биелүүлж, ажлаа хийхийг шаардаж байна. 

Ардчилсан нам хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй. Тиймээс ч Ардчилсан намын жирийн гишүүд популистуудын гүтгэлгийн бай биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ардчилсан нам нь 1990 оны хувьсгал болон 1992 онд Үндсэн хуулийг батлуулсан улс төрийн хүчний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, гурав дахь хөрш гэсэн нийгмийн суурь үнэт зүйлээ хамгаалахын төлөө хатуу зогсох болно гэдгээ мэдэгдэж байна.