Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын нийгэм-эдийн засгийн сорилтыг давахад Баялгийн сан гарц болно

ikon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Канадын Торонто хотноо болж буй дэлхийн эрдэс баялгийн салбарын хамгийн том цугларалт болох “PDAC-2019” олон улсын чуулга уулзалтад 135 орны 25,600 гаруй төлөөлөгч, 3,500 гаруй хөрөнгө оруулагч оролцож байна.

Чуулга уулзалтын үеэр “Mongolia@PDAC-2019” арга хэмжээ зохион байгуулж, энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Монголын баялаг, сорилт ба боломжууд” сэдвээр илтгэж, хэлэлцүүлэв.

Тэрбээр Монгол Улсын макро эдийн засаг, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын боломжийн талаар илтгэлдээ онцолж, стратегийн ордууд болон хэрэгжүүлж буй төслүүдийн талаар хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Түүнчлэн байгалийн баялгийн нөөц ихтэй улс орнуудын хөгжлийн туршлага, шийдлийг Монгол Улсад нэвтрүүлэхээр судалж байгаа бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК онцлох үүрэг, оролцоотой байхын хувьд юуны түрүүнд уул уурхайн нөөцийг үр ашигтай удирдах Баялгийн сангийн хууль батлахаар ажиллаж буйгаа илтгэлд тодотгожээ. Тухайлбал, “Канад улсын хувьд нийт экспортын 20 хувь, улсын төсвийн орлогын зөвхөн 2.4 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байхад харин Монгол Улсын хувьд экспортын 90 гаруй хувь, улсын төсвийн орлогын 22 хувь нь уул уурхайн салбараас шууд хамаарч байна. Уул уурхайн салбараас хэт хамаарсан эдийн засгийн төрөлжилтийн саармаг байдал нь дунд хугацаанд тулгарч буй макро эдийн засгийн сорилт юм.

 
 

Хөрөнгө оруулагчдын хувьд Монголын дэд бүтцийн хязгаарлагдмал байдлыг томоохон сорилт хэмээн тодорхойлдог. Түүнчлэн ирээдүй хойч үедээ санаа тавьж, уул уурхайн баялгаа нөхөн сэргээгдэх санхүүгийн эх үүсвэр болгон үр шимийг нь хүртээх асуудал бидний өмнө тулгарч байна. Эдгээр сорилтыг шийдэх арга нь шинээр байгуулах Баялгийн сан бөгөөд “Эрдэнэс Монгол” компани энэхүү сангийн суурь болох юм” гээд Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, уул уурхайн салбарын үзүүлэлттэй холбон мэдээлэл өгөв. 

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC-Prospectors and Developers Association of Canada/-ноос жил бүр зохион байгуулдаг 87 дахь удаагийн “PDAC-2019” олон улсын зөвлөлдөх чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөгчид оролцож байна.

 

Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК