Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сталины нас барсны ойг Улаан талбайд тэмдэглэн өнгөрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт ЗХУ-ын удирдагчдын нэг Иосиф Сталины нас барсны 66 жилийн ойг Москва хотын Улаан талбайд тэмдэглэжээ.

Кремлийн ханан дахь дарангуйлагчийн шарилын өмнө хэдэн зуун хүн цугларсан байна. Жил бүр болдог уг арга хэмжээг ОХУ-ын Коммунист нам зохион байгуулжээ.

Энэ үеэр хоёр иргэн “Тамд шатагч, хүүхэд, эмэгтэйчүүдийн алуурчин!” гэх зэргээр хашхирч үйл ажиллагааг богино хугацаанд тасалдуулсан байна. Евгений Сучков, Ольга Савченко гэх эдгээр иргэдийг цагдаа нар саатуулж, орой нь суллажээ.

 

Тэднээс гадна хэсэг ахмадууд Сталиныг алдаршуулах энэхүү ажиллагааг зогсоохыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинаас шаардаж, Улаан талбайн нэг хэсэгт цугларсан байна. Эсэргүүцэл илэрхийлэгчид өөрсдийн эцэг, өвгөдийг Сталины харгислалын үед амь үрэгдсэнийг дурсаж байжээ.

Иосиф Сталин 1953 оны гуравдугаар сарын 5-ны өдөр 74 насандаа таалал төгссөн юм. 1930-аад онд түүний зохион байгуулсан “Их цэвэрлэгээ”-ний үеэр Сибирь, Казахстаны хөдөлмөрийн хорих ангиудад олон сая хүн амь үрэгдсэн байдаг.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистуудыг дэмжсэн шалтгаанаар олон үндэстний цөөнх Төв Ази руу цөлөгдөж байв. Сүүлийн жилүүдэд ОХУ-д Сталины түүхэнд гүйцэтгэсэн сөрөг үүргийг дарж, “сайн удирдагч”, “шилдэг менежэр” хэмээн өргөмжлөх болсон нь зарим хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарах болоод байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty