Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Туркэд $200 саяын өртөгтэй байгуулагдсан тансаг хотхон эзгүйрч хаягджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Туркийн баруун хойд уулархаг нутагт “Бурж Аль Бабас” нэртэй амины орон сууцны хотхон байгуулагджээ.

Готик хэв маягийн барилгууд нь Диснейн үлгэрийг санагдуулдаг. Харамсалтай нь 2014 онд Сарот Группын эхлүүлсэн уг төсөл замын дундаас зогсож, одоо хүн амьдардаггүй эзгүй балгас болоод байгаа юм.

Хотхоны гол худалдан авагчид нь Ойрх Дорнодын чинээлэг арабууд байна гэж тооцоолсон байна. Гэвч газрын тосны үнэ ханшийн уналт, Туркийн эдийн засгийн хямрал зэргээс болж, нэг бүр нь $400,000-$500,000-ын үнэтэй эдгээр сууцнуудыг худалдан авагчийн тоо хангалттай хэмжээнд хүрээгүй ажээ.

Төсөлд нийтдээ $200 саяыг зарцуулсан Сарот Групп одоо дампуурлын ирмэгт тулаад байгаа юм.

 

“Бурж Аль Бабас” хотхоны сууцнуудыг тухайн бүс нутгийн халуун рашаанаар халааж, бас оршин суугчдыг нь ундаалахаар тооцоолжээ. Рашаан ус нь гэдэс дотрыг эмчлэх увидастайг Сарот Групп баталж байна.

Нийт 732 сууцны 350 орчмыг Арабын хөрөнгө оруулагчид анх захиалж байсан ч нэлээд хэсэг нь мөнгөө төлөлгүй гэрээгээ цуцлаад байгаа юм.

Саяхан Туркийн ерөнхийлөгч Эрдоган эдийн засгаа сэргээх зорилгоор тус улсад $250,000-аас дээш үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшигч гадаадын иргэдэд гурван жил амьдрах эрх олгохоо амлаж байв.

Гэвч 2018 оны аравдугаар сард инфляцийн хэмжээ нь сүүлийн 15 жилийнхээ доод хэмжээнд (25 хувь) хүрсэн Туркын эдийн засагт итгэх хөрөнгө оруулагчид одоогоор цөөхөн байна.

Сүүлийн саруудад Туркийн эдийн засагт нааштай үр дүнгүүд ажиглагдаж эхэлсэн тул Сарот Групп 2019 оны сүүлээс “Бурж Аль Бабас” хотхоны борлуулалт сэргэнэ хэмээн найдаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Business Insider