Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Узбекийн ерөнхийлөгч цагдаа нарт жингээ хасах зургаан сарын хугацаа өгөв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Саяхан Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нэгэн хурал дээр “Бидэнд жингийн илүүдэлтэй цагдаагийн албан хаагч хэрэггүй. Тэд яаж гэмт хэрэгтнийг гүйцэх юм бэ?” гэж ярьсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Мирзиёев “Би тэдэнд гурваас зургаан сарын хугацаа өгч байна. Энэ хугацаанд цагдаа нар илүүдэл жингээсээ салах ёстой” гэж анхааруулсан байна. Харин шаардлага хангаагүй цагдаа нарыг яах тухайгаа хэлээгүй гэнэ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Мирзиёев ард иргэдийнхээ эрүүл бус амьдралын хэв маяг, хооллолтын талаар санаа зовж байгаагаа засгийн газрын хуралдаан дээр илэрхийлж байжээ.

“Харамсалтай нь дасгал хөдөлгөөнгүй, хүнсний шим тэжээл хангалтгүй байгаагаас Узбекистаны иргэдийн тал нь илүүдэл жинтэй, 46 хувь нь холестеролын түвшин өндөртэй, 31 хувь нь даралт ихдэх өвчтэй байна” хэмээн тэр хэлж байв.

Ер нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Төв Азийн орнуудад таргалалтын асуудал байнга яригддаг болоод байна. Тухайлбал 2016 оны арванхоёрдугаар сард Тажикистан улсын засгийн газар цагдаагийн офицеруудад жингээ хасах зургаан сарын хугацаа өгч байжээ.

Үүнээс зургаан сарын дараа өгсөн хугацаанд илүүдэл жингээсээ салж чадаагүй 10 офицерыг ажлаас нь халснаа Тажикийн дотоод хэргийн яам зарлаж байв.

Мөн тус улсын эрх баригчид цагдаагийн албан хаагчдад сард доод тал нь нэг удаа театрт очиж байхыг тушаасан бөгөөд үүнийгээ албан хаагчдын ёс суртахуун, ухамсрын мэдрэмжийг дээшлүүлэх зорилготой шийдвэр гэж тайлбарлаж байжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty