Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жил 55 дахь удаагийн Улсын Математикийн Олимпиад зохион байгуулагдах гэж байна

ikon.mn
2019 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монголын Математикийн Олимпиадын Хороо нь улсын тэргүүний “Шинэ үе” сургуультай хамтран улсын олимпиадын бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.

Математикийн олимпиадын гол зорилго нь математик сэтгэлгээнд суралцаж аливаа зүйлд баригдахгүйгээр чөлөөтэй, бүтээлчээр сэтгэх, асуудлын шийдлийг хайх арга барилыг эзэмшүүлэхэд оршдог. Ингэснээр хүн өөрийн хүсэл сонирхлоороо ямар нэгэн дарамт шахалтгүйгээр суралцаж цаашлаад тухайн салбартаа амжилт гаргах боломж нь нээгддэг ач холбогдолтой юм. Алгебр, тооны онол, геометр, комбинаторик гэсэн дөрвөн төрлийн бодлогоор дамжуулж оюун дүгнэлт, логик сэтгэлгээ, тооцоолон бодох ур чадвар, сэтгэн бодох, төсөөлөх чадварыг хөгжүүлдэг.

Манай оронд хувьд анхны математикийн олимпиад 1960 онд явагдаж, 1965 оноос эхлэн үе шаттайгаар улсын хэмжээнд жил бүр тогтмол явуулж эхэлсэн. Математикаар хичээллэж олимпиад уралдаанд амжилттай оролцдог сэтгэх чадвар нь хөгжсөн математик суурьтай сурагчид маань физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын болон олон улсын олимпиадад оролцож өндөр амжилт үзүүлсээр байна.

“Математик бүх шинжлэх ухааны хаан юм аа” гэж алдарт математикч Карл Фридрех Гаусс хэлсэн байдаг. Тэгвэл ММОХ-ны үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж дэмжин ажиллаж байгаа спонсорууд, олимпиадад оролцогч нийт багш нар, сурагч, тэдгээрийн эцэг эхчүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Онцолбол, 2018 онд “Анд Глобал” компанийн үүсгэн байгуулагч Гүйцэтгэх захирал Ч.Анар хувиасаа 50 сая төгрөг, “Петровис” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл 25 сая төгрөг, MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин 25 сая төгрөгийг математикийн олимпиадын үйл ажиллагааг дэмжин хандив өргөсөн байна.

 

Математик нь байгалийн шинжлэх ухаан, техник инженерчлэлийн салбарын суурь болдог онцлогтой тул ММОХ-нд оруулсан та бүхний дэмжлэг математик төдийгүй бусад олон салбарт үр шимээ өгнө гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.

Улсын олимпиадтай холбоотой мэдээллийг www.mmoc.mn вебсайтаас харна уу.