Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол болон Монголын Бизнесийн Зөвлөл УИХ-ын дарга Г.Занданшатарын хөрөнгө оруулагчидтай хийх анхны уулзалтыг зохион байгуулав

ikon.mn
2019 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь Монголын Бизнесийн Зөвлөлтэй (МБЗ) хамтран зохион байгуулж буй уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар зочноор оролцож, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл, бодлогын чиглэлийн талаар санал бодлоо хуваалцлаа. Уулзалтаар Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг батлах үйл явц, Ил тод байдлын тухай гэрээний хэрэгжилт, хувийн хэвшилд тулгуурласан улс орны эдийн засгийн хөгжил болон бодлогын бусад асуудлаар ярилцлаа.

Уулзалтанд АмЧам болон МБЗ-ийн гишүүн байгууллагууд, Монгол дахь гадаадын элчин сайдын яамд болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов. УИХ-ын дарга Занданшатар мэдээлэл хийсний дараа оролцогчдын асуултанд дэлгэрэнгүй хариулж санал солилцов.

Г.Занданшатар дарга хэлэхдээ

"Монгол Улсын Их Хурал бизнесийн таатай, аюулгүй, ойлгомжтой орчин бүрдүүлэх болон хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах туйлын зорилготой ажиллаж байгаа” гэв.
 

Тэрхүү орчинг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын төр засаг "Гурван тулгуур хөгжлийн бодлого", хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаар танилцууллаа. Эхний тулгуур нь засаглал болон нийгэмд шударга ёсыг тогтоох, хуулийг дээдлэх, хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх, төрийн үйлчилгээг ил тод байлгах, хоёр дахь тулгуур нь эдийн засгийн шинэчлэл буюу эдийн засгийг төрөлжүүлэх, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх бодлого,гурав дахь тулгуур нь нийгмийн шинэчлэл буюу төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд Дэлхийн Банк зэрэг байгуулагуудын оролцоог чухалчилсан юм.

Нийгэмд шударга ёсыг тогтоох, хуулийг дээдлэхийн тулд Ил тод байдлын гэрээг хэрэгжүүлэхэд цахим засаглалыг идэвхжүүлэх бодлогын талаар УИХ-ын дарга Занданшатар танилцуулав. Цахим засаглалын хүрээнд иргэдийг хууль боловсруулах үйл явцад оролцуулах нь ардчилалын нэгэн салшгүй хэсэг гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б. Бямбасайхан хэлэхдээ 

“Манай Зөвлөлийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан эдийн засгийн эрх чөлөө, эд хөрөнгийн эрхийг баталгаажуулахын тулд гишүүддээ үйлчлэх явдал юм. АмЧам-тай бид сүүлийн жил татварын багц хуулийн асуудлаар хамтран ажиллаж ирсэн юм” гэдгийг тэмдэглэв.

АмЧам-ын ТУЗ-ийн дарга Ойбек Халилов нээлтийн үгэндээ хэлэхдээ 

“АмЧам нь Монгол Улсад хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг дэмжиж, бүх салбарт өрсөлдөх чадвартай хувийн хэвшлийг дэмжиж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд хувь нэмрээ оруулахын төлөө Монгол Улсын Их Хуралтай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах болно” гэсэн юм.
 

АмЧамын Монголын тухай www.amcham.mn

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Монголын Бизнесийн Зөвлөлын тухай www.bcmongolia.org

Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) нь худалдаа хөрөнгө оруулалт, бизнест таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд өөрийн гэсэн бодит хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг. МБЗ нь Монгол болон олон улсад зохион байгуулагддаг тэргүүлэх түвшний хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудыг зохион байгуулахын зэрэгцээ ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагаар оролцож ирсэн.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.