Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа

ikon.mn
2019 оны 3 сарын 4
iKon.MN
 

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг олон улсын уул уурхай чуулга уулзалт Канадын Торонто хотноо өнөөдөр эхэллээ. 87 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уулзалт, үзэсгэлэнд ашигт малтмалын хайгуул, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдийн оролцдог, энэ салбарынхны хамгийн том арга хэмжээ юм. 

Монгол Улсын хувьд 2006 оноос уг арга хэмжээнд оролцож ирсэн бөгөөд энэ жилийн PDAC-2019-д УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ, АМГТГ, "Эрдэнэс Монгол" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна.

87 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүнд бүхий олон улсын энэхүү чуулга уулзалтад 135 орны 25,600 гаруй төлөөлөгч, 3,500 гаруй хөрөнгө оруулагч оролцож буй.

Д.Сумъяабазар: Канадаас импортод зориулан зээлийн шугам нээх боломжтой

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар КанадынЭкспортыг дэмжих агентлагийн Олборлох үйлдвэрлэл, төслийн санхүүжилт хариуцсан захирал Френк Келлитэй уулзав.

Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар 2018 оны 10 дугаар сард Торонто хотноо уулзахдаа хөндөж ярилцсан Монгол Улсын бизнесийн орчны талаарх үнэлгээг эргэн харж, эергээр сайжруулах чиглэлээр арга хэмжээ авсанд талархлаа илэрхийлэв.

Мөн тэрбээр Монгол Улсын уул уурхайн салбарт Канадын хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд техник, технологи, тоног төхөөрөмж Канад Улсаас импортлоход зориулан зээлийн шугам нээж, хамтран ажиллахад ахиц гаргах байр суурьтай байгаагаа хэллээ. 

Канадын Экспортыг дэмжих агентлаг нь Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн хамгийн том хөрөнгө оруулагч юм.

Монгол Улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа

 

Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг болон уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн нэр хүнд бүхий 1,000 гаруй компани Торонтогийн чуулга уулзалтын хүрээнд үзэсгэлэн гаргаж, өөрийн үйл ажиллагаагаа сурталчилж, танилцуулж, худалдааны гэрээ хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалт татдаг уламжлалтай. PDAC-2019 чуулга уулзалтын эхний өдөр буюу өнөөдөр Торонто хотноо Монгол Улсаа сурталчилсан Mongolia@PDAC2019 арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Mongolia@PDAC2019 арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул, УИХ-ын гишүүн А.Ундраа нар үг хэлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, хөгжил” сэдэвт илтгэл тавив.

Мөн арга хэмжээний үеэр “Хөгжлийн хурдасгуур томоохон төслүүд”, “Уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалтын өгөөж” сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулж, Хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадвар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Mongolia@PDAC2019 арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчид, зочид оролцон Монголын уул уурхайн салбарын томоохон төслүүдтэй танилцаж, цаашид баримтлах бодлого, ирээдүйн талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.

 

Эх сурвалж: УУХҮЯ