Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Зөрүүд хүүхэдтэй зөөлөн харьцах уу, шийтгэх үү

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгорын эцэг, эхчүүдэд өгөх ЗУРГААН зөвлөгөөг хүргэж байна. 

Нэг. 2-3 насны синдромын тухай та мэдэх үү

Хүүхдүүд 2-3 насанд “Би” төвтэй болж, бүхнийг өөрөө хийхээр оролдож эхэлдэг. Харин энэ үеийг нь ээж, аавууд өөрийнхөөрөө зүтгэлээ гэж хүлээж авдаг. Угтаа бол хүүхэд нь танин мэдэхээр оролдож байгаа юм. Тиймээс хүүхдэдээ хүлээцтэй хандах хэрэгтэй. Анх удаа хийж байгаа хүүхэд буруу зөрүү хувцсаа өмсөнө, цаг их зарцуулдаг учраас эцэг, эхчүүд хүлээж, тэвчиж чаддаггүй байх нь элбэг. Ингээд байхаар хүүхдийнхээ өөрөө юм хийж үзэх, үр дүнг нь харах гэсэн хүсэл сонирхлыг нь дардаг. Аажимдаа энэ үйлдэл олон давтагдахаар хүүхэд бие даах хүсэл багатай, хүний хэлснээр амьдардаг хүн болох магадлалтай. Гэвч энд анхаарах ёстой нэг зүйл бол өөр нэгэн “Би” буюу би авна,  би л эзэмшинэ гэсэн буруу талын “Би” байдаг. Уйлж, уурлахаас нь айх, төвөгшөөх байдлаар хүслийг нь биелүүлээд  байвал хүмүүжлийн доголдол үүсгэнэ. 

Хоёр. Та хүүхдийнхээ хөгжилд хаалт болж буй юм биш биз

Хүүхэд бол туршигч орчин. Юм хийж сурахаар оролдоход нь завааруулчихна, эвдэллээ гээд хориг тавиад байхаар шантрамтгай болдог. Өчүүхэн зүйл хийхдээ ч эрсдэлээс айдаг болно. Ингэснээр жирийн нэг үйлдвэрийн дамжилга дээр суудаг ажилчин анги болно гэсэн үг. Эцэг, эх өөрсдөө хүүхдээ ингэж “бэлдчихээд” насанд хүрсэн хойно нь их зүйл хүсдэг. Санаачлаад гэрээ цэвэрлэхгүй юм, хоолоо хийхэд яадаг байна гээд загнаад байдаг. Гэтэл тэр хүүхдийг юм хийх хүсэл зоригийг нь багад нь унтраачихсан байдаг. Багад нь унтраасан хэр нь том болсон хойно нь хийсэнгүй гэх нь авцалдахгүй.

Гурав. Зөрүүд хүүхэдтэй зөөлнөөр харьцах уу, шийтгэх үү

Хүүхдээ аль ч үед шийтгэх нь оновчтой арга биш тул учирлаж тайлбарлах ёстой. Хүлээцтэй хандах, өчүүхэн ч гэсэн өөрчлөлт гарвал урамшуулах нь зөв. Шийтгэвэл хүүхэд дараа нь ямар нэг юм болоход нууж эхэлдэг. Мөн шийтгэл айдас төрүүлдэг тул шинэ соргог зүйлийг туршиж хийхэд нь хаалт болно Тиймээс  яагаад буруу вэ, яаж засах вэ гэдгийг тайлбарлаж өгөх ёстой.

Жишээлбэл, үргэлж чихэр нэхдэг хүүхэд өдөр бүр чихэр нэхвэл шүд өвдөнө, түүний оронд долоо хоногийн нэг өдөр чихэр идэж байя, харин дараа нь шүдээ сайн угаачихвал шүд нь өвдөхгүй гэх мэтээр сайн, муу хоёуланг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй. Нөгөө талаар тохиролцоо хийх нь үр дүнтэй. Учир нь ээж, аавтайгаа тохиролцоо хийснээр хүүхэд илүү хичээдэг, итгэлийг нь алдахгүйн тулд чармайдаг. Үүн дээр нэг зүйл нэмж хэлэхэд, аливаа зүйл зуршил болтлоо хугацаа шаардана, алдаа ч их гарна. Гол нь эцэг, эхчүүд хүлээцтэй байх хэрэгтэй. Алдаа гаргахад нь загнах биш тохиролцсон гэдгээ эелдэг сануулах хэрэгтэй. Ахиц гарвал сайшаах хэрэгтэй. Түүнээс биш хий хоосон магт гэсэн үг биш. 

Дөрөв. Магтахад үгийн сонголт чухал

Магтаал оновчтой байх ёстой. Хүн бүрийн чаддаг зүйлийг хийснийх нь төлөө магтах нь өрөөсгөл. Харин өмнө нь чаддаггүй байснаа чаддаг болсон бол магтах нь зөв. Мөн үгийн сонголт чухал. Зарим хүн хүүхдээ магтахын зэрэгцээ доромжлоод байдаг. “Овоо шүү, энэ чинь бас хүн шиг юм хийж чаддаг юм байна” гэх нь хүүхдийн урмыг нь хугалдаг. Хэрэв тухайн үед магтах оновчтой үг олдохгүй байвал “Сайн байна” гээд хэлэхэд л болно. Юу ч хийгээгүй байхад нь “Мундаг шүү” гээд байхаар биеэ тоох эрсдэлд оруулдаг. 

Тав. Насанд хүрсэн хойно санаа зовохгүйн тулд багаас нь сахилга баттай өсгө

Сүүлийн үед хүүхэд хүмүүжүүлэх шинэ хэв маяг зонхилж байна. Энэ нь хүүхдээ багад нь маш хараа хяналттай, сахилга баттай өсгө. Хэдэн цагаас хойш гэрээс гарч болохгүй вэ, хүний үгийг гүйцэд сонсож сурсныхаа дараа өөрийнхөө үгийг хэл гэх мэтчилэн зарчмаар өсгө. Харин 16-18 нас хүрээд хүүхэд өөрийнхөө байх гэдэг үе дээр нь эрх чөлөөг нь олго. Багаасаа чанга өссөн хүүхэд өсвөр нас, насанд хүрсэн хойноо элдэв буруу замд орохгүй. Эцэг, эхчүүдийг нийтлэг алдаа нь багад нь дураар нь өсгөчихөөд өсвөр насанд нь хянаж цагдах гээд эхэлдэг. Өөрөөр хэлбэл, суурийг нь буруу тавьчихсан гэсэн үг. Багадаа хянагдаж сураагүй хүүхэд том болсон хойноо бол чадахгүй. Харин ч түүнийг эмзгээр хүлээж авна. Гэнэт л үйлдэл бүхнийг хянаад эхлэхээр тухайн хүүхэд эцэг, эх маань надад итгэдэггүй юм байна гэж ойлгон, тэдэнтэйгээ харьцахдаа хаалт үүсгэж эхэлдэг. 

Зургаа. Бусадтай бүү харьцуул

Хүүхэд бүхэн өөрийн онцлогтой. Нэг хүүхэд чөлөөтэй ярьдаг байхад нөгөө нэг нь ярьж, өөрийгөө илэрхийлэх чадвар сул байдаг. Нэг нь урлагт авьяастай байхад нөгөөх нь техникийн сэтгэлгээ сайтай гэх мэтчилэн. Тиймээс айлын хүүхдүүд явж буй сургалт бүгдэд хүүхдээ явуулъя гэх нь буруу. Угаас сонирхолгүй бол амжилт гаргахгүй. Харин өөрийнх нь сонирхол юу вэ гэдэгт хамтдаа ярилцаж, дугуйлангуудад явуулах хэрэгтэй. Өөрийн онцлог, сонирхол зэргийг олтол удна, төлөвштөл удна.