Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Урлагийн Зөвлөлийн анхны цахим худалдааны хуудас www.redger.org нээгдэнэ

ikon.mn
2019 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих эрхэм зорилгын хүрээнд уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлэх, шинэлэг чанартай уран бүтээл туурвих, соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагаа ба өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд  чиглэн ажилладаг болно.

2002-2018 онд МУЗ нь 5183 уран бүтээлч ба соёлын өв тээгчид, 1163 урлагийн менежерийг төсөл хөтөлбөрт хамруулж, уран бүтээл ба мэргэжлийн сургалтаар дамжуулан тэдгээрийн ур чадавхийг дээшлүүлсэн байна. Мөн 373 залуу авьяаслаг уран бүтээлчдэд үндэсний болон олон улсын тэтгэлэгийг олгон, 1207 багш, 7488 хүүхэд залуучуудыг сургалтанд хамруулж, нийтдээ 4,966,610 үзэгчдэд хүрч ажилласан байна.

Монголын анхны  галерейнуудын нэг болох “Улаан гэр” галерей нь, гадаад дотоодын уран бүтээлчдийн орчин үеийн уран бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд өргөнөөр толилуулж ирсэн. МУЗ нь 2003 оноос хойш амжилттай ажиллаж ирсэн туршлагадаа үндэслэн тус галерейг “Улаан Гэр” бүтээлч орон зай болгон 2018 оны 9 сард шинэчлэн зохион байгуулсан.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд “Улаан Гэр” бүтээлч орон зай нь дүрслэх урлагаас гадна хөгжим, бүжиг, утга зохиол, кино урлагийн салбарын уран бүтээлчдийг дэмжиж ажиллахыг зорьсон бөгөөд 2019-2020 онд “Зун” продакшн, “No Wonder films” Ж.Номгонмаа, Э.Цагаанцоож, Ө.Үлэмжтөгс зэрэг 5 авъяаслаг уран бүтээлчдийг онцолж ажиллах болно.

Тэдгээр уран бүтээлчид нь МУЗ-ийн гишүүн уран бүтээлчид болж, бүтэн жилийн хугацаанд “Улаан Гэр” орон зайг үзвэр, үзэсгэлэн, сургалт, уншлага, ярилцлага зэрэг өөрсдийн уран бүтээлээ туурвих эрхийг хүлээн авна.

Түүнчлэн өнөөгийн өсөн нэмэгдэж буй цахим худалдааны эрэлтэд нийцүүлэн, www.redger.org урлагийн бүтээлийн цахим худалдааны хуудсыг 2019 оны 3 сарын 6-ны өдөр нээхээр бэлтгэж байна. Тус цахим худалдааны хуудас нь гэр бүлийн, найз нөхдийн, албан хэрэгцээний, бэлэг дурсгалын болоод тусгай тэмдэглэлт үйл явдал зэрэг бүхий л хэрэгцээг хангахуйц урлагийн болон гар урлалын бүтээл, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах болно.

Энэ жилийн онцлох уран бүтээлчдийг 2019 оны 3-р сарын 6-ны өдөр MN17 арт галерейд зохион байгуулагдах www.redger.org цахим хуудасны нээлтийн арга хэмжээнд өөрсдийн уран бүтээлээс та бүхэнд хүргэх болно.

 

Нээлтийн арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар Ард Санхүүгийн Нэгдэл, www.ardshop.mn, хамтрагчаар MN17 арт галерей ажиллаж байна.