Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчууд дахин өөрсдөө сансарт хүн нисгэж эхлэх цаг ойртлоо

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

SpaceX компани өөрийн бүтээсэн Crew Dragon хөлгийг амжилттай хөөргөснөөр АНУ-ын газар шороон дээрээс сансарт хүн хөөргөх боломж ойртож байгааг NASA өчигдөр мэдэгджээ.

Өчигдөр өглөө уг сансрын хөлгийг Falcon 9 пуужинд тээвэрлэн сансарт хөөргөх ажиллагаа Флоридагийн Кеннедийн нэрэмжит сансрын төвд болсон юм.

Crew Dragon хөлгийг Ням гарагт Олон Улсын Сансрын Станцад залгаж, тойрог замд хүн ажиллах боломжийг шалгах таван өдрийн туршилтыг эхлүүлэх ажээ. 

Хэрвээ туршилт амжилттай болвол ирэх долдугаар сард Америкчууд өөрсдөө хүн сансарт нисгэх юм.

Тус улс 2011 оны долдугаар сард NASA-гийн хүн сансарт илгээх хөтөлбөрийг зогсоосноор сүүлийн найман жилийн турш Оросын пуужинг ашиглан сансрын нисгэгчдээ тойрог замд илгээж байгаа.

Ингэхдээ нэг сансрын нисгэгчид $81 саяыг төлж нисгэдэг байна.

Crew Dragon хөлгийг хөөргөсний дараа NASA-гийн захирал Жим Бриденстин “Өнөөдрийн амжилттай хөөргөлт нь Америкийн хүчин чадлыг харуулах шинэ хуудсыг нээж, Америкийн сансрын нисгэгчид Америкийн хөрс шороон дээрээс Америкийн пуужингаар дахин хөөрч эхлэх цагийг ойртууллаа” хэмээн твиттер хуудсандаа бичжээ.

Хувийн хэвшилд тулгуурласан өөрийн сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн хажуугаар ОХУ-тай сансрын салбарт хамтын ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа тэр дараа нь болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм.

Ирэх зун сансарт хөөрөхөөр нэр нь тодроод байгаа нисгэгчид болох Даг Харли, Роберт Бенкен нар өчигдрийн арга хэмжээг SpaceX компанийн хяналтын өрөөнөөс ажигласан байна.

 

Эх сурвалж: The Guardian