Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилын экс ерөнхийлөгч ач хүүгийнхээ оршуулгад оролцохоор шоронгоос түр суллагджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Бразил улсын ерөнхийлөгч асан Луиз Инасио Лула да Силва долоон настай ач хүүгийнхээ оршуулгад оролцохоор Бямба гарагийн өглөө шоронгоос түр суллагдсан байна.

Авлига, мөнгө угаах хэрэгт буруутгагдан 12 жилийн хорих ял эдэлж байгаа Лула өчигдөр өглөөний 7:00 цагт Куритиба хотын шоронгоос гарчээ. Түүнийг оршуулгын ёслол болох Сан Пауло хотод нисдэг тэргээр хүргээд үдээс хойш нь шоронд буцааж хүргэхээр болсон байна.

Лулагийн ач хүү Артур менингит өвчний улмаас Баасан гарагт нас баржээ. Тэрээр экс ерөнхийлөгчийн хөвгүүдийн нэг Сандро Луйз Лула да Силвагийн хүү байсан юм.

Артур хүү өвөөгөө шоронд хоёр удаа эргэн ирж байжээ.

Ерөнхийлөгч асан Лула 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн шоронд хоригдож байгаа бөгөөд өчигдөр анх удаа наранд гарсан нь энэ юм.

Түүнийг дэмжигч олон зуун иргэн “Лулаг сулла!” гэсэн уриатай оршуулгын газрын гадна жагссан байна.

Харин улс төрийн өрсөлдөгчид нь Лулад онцгойлон шоронгоос түр суллах эрх олгож байгааг шүмжилцгээжээ.

 2003-аас 2010 оны хооронд Бразил улсын ерөнхийлөгч байсан Лула да Силвагийн нэр хүнд иргэдийн дунд маш өндөр байдаг. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусных нь дараа 2011 онд түүний рэйтинг 87 хувьтай байсан нь маш өндөр үзүүлэлт юм.

Одоо 73 настай Лулаг ерөнхийлөгч байх үед АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама “манай гарагийн хамгийн нэр хүндтэй улс төрч” хэмээн нэрлэж байжээ. Тэр ерөнхийлөгч байхдаа маш том нийгмийн хамгааллын төсөл хэрэгжүүлсэн нь олон сая бразилчуудыг ядуурлаас гаргасан гэгддэг.

Гэвч өнгөрсөн онд түүнийг ерөнхийлөгч байхдаа Бразилын томоохон барилгын компаниудаас их хэмжээний хээль хахууль авсан хэмээн буруутгаж,  олон жил шоронд хорих ял оноосон юм.

Лула да Силва оноосон ялыг өөрийг нь дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зорилготой улс төрийн явууллага хэмээн мэдэгдсээр байна.

 

Эх сурвалж: Associated Press