Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Испани улс колоничлолын үед далайд живсэн хөлгүүдээ бүртгэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

1492 оны зул сарын баярын өдөр Христофор Колумбыг Америк тивд хүргэсэн Санта Мариа хөлөг өнөөдрийн Хайтигийн эрэг орчимд живж байв.

Үүнээс хойш дөрвөн зууны турш Испаний эзэн хааны флотын олон зуун хөлөг далайд живж байсан юм. Тэгвэл Испаний соёлын яамны захиалгаар гурван судлаач эдгээр хөлгүүдийн бүртгэлийг хийж, түүхэн баримтуудыг цуглуулах төслийнхөө эхний шатыг дуусгажээ.

Археологич Карлос Леоны удирдсан баг Куба, Панам, Доминикан, Хайти, Бермуд, Бахамын арлууд, АНУ-ын Атлантын эрэг орчимд живсэн нийт 681 хөлгийг тоолж бүртгэсэн байна.

Хамгийн сүүлд 1898 оны долдугаар сард Испаний эзэнт гүрний Плутон байлдааны хөлөг Кубын орчимд АНУ-ын хөлгийн довтолгоонд өртөж живснээр Испани-Америкийн дайн төгсгөл болж, бас Испаний колоничлолын үе өндөрлөсөн юм.

Судалгааны дүнгээс харвал нийт живсэн хөлгүүдийн 91.2 хувь нь далайн хар салхи, шуурганы нөлөөгөөр, 4.3 хувь нь хад чулуу мөргөсөн, жолоодлогод алдаа гарсан шалтгаанаар, 1.4 хувь нь Британи, Голланд, АНУ-ын талтай байдаж байгаад живжээ.

Харин 0.8 хувь нь далайн дээрэмчдийн халдлагад өртөж живсэн байна. Живсэн хөлгүүд маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн, эд зүйлс тээвэрлэдэг байжээ.

Сүм хийд босгох чулуунаас эхлээд боолчуудад зориулсан хувцас, шинэ тивээс алт олборлоход зориулсан мөнгөн ус, уугуул иргэдийн бослогыг дарах зэр зэвсэг хүртэл тээвэрлэж байсан байна. 

Испаний засгийн газар судалгааны баримт материалуудыг живсэн хөлгүүдийг усандаа агуулж байгаа улс орнуудтай хуваалцах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр түүхэн баримтуудыг хадгалж, хамгаалах, тухайлбал хууль бус эрдэнэсийн эрэлчдээс хамгаалах юм.

“Испаний эзэнт гүрэн асар том байсан. Бидэнд судлах маш их зүйлс байгаа. Ирэх жил бид Мексик, Колумб, Пуэрто Рико, Коста Рикагаар аялж, Карибын тэнгисийн судалгаагаа дуусгана. Дараа нь бид Номхон далай руу судалгаагаа чиглүүлнэ” гэж Карлос Леон ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian