Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуу ахмадтай Оросын ачааны хөлөг Бусан хотод осол гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт 5,998 тонн жинтэй ОХУ-ын Сигранд ачааны хөлөг онгоц Өмнөд Солонгосын Бусан хотын боомтод осол гаргасан байна.

Уг хөлөг Владивосток хот руу хөдөлж байжээ. Гэтэл энэ хөлөг зогсоолоос хөдлөхдөө тэнд зогсож байсан завийг мөргөж, цааш аялахдаа буруу чиглэлд явж, автозамын томоохон гүүрийг мөргөж гэмтээсэн байна.

 

Ослын дараа Гванган гүүрний доод хэсэгт таван метр орчим өргөнтэй нүх гарсан байна.

 

Ослын дараа хөлөг задгай далай руу зугтахыг оролдсон ч эргээс 800 метрийн зайд Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтынхан зогсоож чаджээ.

Цагдаа нар хөлгийн ахмадыг баривчлаад түүний цусан дахь спиртийн хэмжээ 0.086 хувь байгааг тогтоосон байна. 

Өмнөд Солонгосын далайн тээврийн хуулинд зааснаар таван тонноос дээш жинтэй хөлгийг жолоодож байгаа хүний цусан дахь спиртийн түвшин 0.03 хувиас илүү байвал гурав хүртэл жил шоронд хорих, эсвэл 30 сая хүртэл воны торгууль оноох шийтгэлтэй байдаг гэнэ.

Эх сурвалж: Chosun Ilbo