Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Лукашенко Беларусийг Орост “залгиулахгүй” гэдгээ дахин илэрхийллээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзсаныг тус улсын төв телевизийн сувгаар шууд дамжуулжээ.

Тэрээр энэ үеэр өөрийн аварга хөрш Орос улстай харилцах харилцааны талаар байр сууриа илэрхийлсэн нь анхаарал татаж байна.

“Оросын ерөнхийлөгчид Беларусийг Орост нэгтгэх санаа байхгүй. Энэ том улс Беларусийг залгих бодолгүй байгаа” гэж Лукашенко мэдэгджээ.

Тэр цааш нь хэлэхдээ “Беларусьчуудын 98 хувь нь Оросын нэг хэсэг болохын эсрэг байна” хэмээн өгүүлсэн байна.

Хоёр долоо хоног орчмын өмнө тэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай 1990-ээд оны дундуур байгуулагдсан эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээний талаар уулзсан юм.

Лукашенко, Путин нар сүүлийн үед хоёр орны худалдааны асуудлаар хэд хэдэн удаа уулзаад байгаа. Харин Лукашенко өчигдөр сэтгүүлчдэд ярихдаа “ямар нэг интеграцийн сэдвийг хөндөхөөсөө өмнө хоёр орны хооронд оршиж байгаа том асуудлуудыг шийдэх хэрэгтэй” байгааг ярьжээ.

Гэвч Москвагийн эрх баригчид эсрэг дарааллаар ярилцахыг тулгаж байгаа нь харилцаанд бэрхшээл учруулж байгааг тэр хэлсэн юм.

Лукашенко мөн Орос, Беларусь улсууд нэгдсэн валюттай болох санааг Путины зүгээс тавьж байгааг ярьжээ.

“Тэд нэгдсэн валюттай болох санал тавьж байна. Путин үүнийг рубль байх ёстой гэсэн. Манайд ч, тэднийд ч рубль байдаг болохоор ингэх нь зөв гэж би хариуллаа” гэж тэр ярьсан байна.

Лукашенко бас орос хэлийг Беларусийн хоёр дахь албан ёсны хэл болгох боломжийг үгүйсгээгүй юм. Гэхдээ тэр ингэснээрээ “Оросын ертөнц” (The Russian World) гэсэн өрнөдийн эсрэг үзэл суртлын туган дор нэгдэх хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ.

“Бид бүгд оросоор ярьдаг. Гэхдээ энэний төлөө Беларусь ’Оросын ертөнц’ гэсэн нэр томьёон дор орох ёстой гэж үү? Ингэх нь хүмүүсийг төөрөгдүүлнэ” гэж тэр ярьсан байна.

Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудыг нөлөөндөө байлгах зорилготой Евразийн Эдийн Засгийн Холбоо зэрэг бүс нутгийн байгууллагуудад Беларусь улс гишүүнээр элссэн байдаг. Харин цаасан дээр үлдсэн энэ байгууллагад Лукашенко гүнзгий оролцохоос зайлсхийж байгаа юм.

Тэр Европын Холбоо болон өрнөдийнхөнтэй харилцах харилцааг тэнцүү хэмжээнд хадгалахыг зорьж байгаа нь Минск-Москвагийн харилцаанд гол саад болж байна.

“Би Евразийн Холбоонд огт найдахгүй байна. Тэнд маш их зөрчил, маш их ялгаа бий. Би бас эдийн засгийн холбоог улс төржүүлэхийн эсрэг байна” гэж Лукашенко мэдэгдсэн нь уг зөрчлийг харуулж байна.

Лукашенко хэд хэдэн улс төрийн хоригдлыг суллах шийдвэр гаргасны дараа Европын Холбоо Беларусьт тавьсан эдийн засгийн хоригоо 2016 онд цуцалж байжээ. Гэхдээ 2017 оны гуравдугаар сард болсон засгийн газрын бодлогыг шүүмжилсэн иргэдийн жагсаалыг хүчээр тараасныг нь өрнөдийнхөн шүүмжилж байв.

Өчигдрийн хурал дээр Лукашенко 2020 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна.

1994 оноос хойш тэр Беларусийн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа юм.

 

Эх сурвалж: BelTA