Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хошин урлагийн жүжигчин Украины ерөнхийлөгч болж магадгүй боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Украины телевизээр цацагдаж буй олон ангит инээдмийн цувралд ерөнхийлөгчийн дүр бүтээж байгаа жүжигчин бодит амьдрал дээр улсынхаа ерөнхийлөгч болж болзошгүй болжээ.

Одоо 41 настай Володимир Зеленский “Ард түмэнд үйлчлэгч” нэртэй телевизийн цувралд санамсаргүй Украины ерөнхийлөгч болсон багшийн дүрийг бүтээж байгаа юм. Тэр бас албан ёсоор энэ сарын 31-нд болох Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа.

Улс төрийн ямар ч туршлагагүй Зеленскийн шоу украинчуудыг байлдан дагуулж, өнгөрсөн сард болсон хоёр ч санал асуулгыг тэргүүлсэн байна.

Тухайлбал нэг санал асуулгаар тэр 17.5 хувийн санал авч тэргүүлсэн бол одоогийн ерөнхийлөгч Петро Порошенко 13.1 хувь, ерөнхий сайд асан Юлия Тимошенко 11.5 хувийн саналаар удаалцгаажээ.

Өөр нэг судалгаагаар тэр бас л архаг хоёр улстөрчөөс илүү санал авсан байна. Өөрийгөө “жинхэнэ либерал” үзэлтэн гэдэг Зеленский өнгөрсөн оны сүүлчийн өдөр ерөнхийлөгч Порошенког шинэ оны мэндчилгээ хүргэж байх цаг үетэй зэрэгцэн өөрийгөө нэр дэвшиж байгааг зарласан юм.

Хуульч мэргэжилтэй, хувийн бизнестэй тэрээр сонгуулийн сурталчилгаагаа түүхэнд байгаагүй цоо шинэ хэлбэрээр явуулж байна. Түүний телевизийн хошин цуврал дангаараа хангалттай сурталчилгаа болж байгаа юм.

Зеленский хэрвээ Украины ерөнхийлөгчөөр сонгогдвол тус улсын нийгэмд нүүрлээд байгаа авлига, эдийн засгийн уналтыг зогсоохоо амлаж байна.

Тэр бас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай шууд ярилцаж, дорнод Украинд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнийг шийдэж чадахаа илэрхийлсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ч хэл амаа ололцож чадна гэдгээ тайлбарлахдаа “бид хоёр нэг салбараас гаралтай хүмүүс шүү дээ” хэмээн хошигножээ.

Харин Порошенкогийн дэмжигчид түүнийг “алиа салбадай”, ерөнхийлөгчийн үнэлэмжийг унагагч, телевизийн суваг эзэмшигч олигархийн утсан хүүхэлдэй гэх зэргээр шүүмжилж байгаа юм.

Удахгүй телевизийн шоу бодит амьдрал хоёр нэгдэх цагийг украинчууд үзэж магадгүй байна.

Эх сурвалж: Business Insider