Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Насанд хүрсэн иргэдийн 80 орчим хувь нь хөрөнгийн зах зээлийн талаар хангалттай мэдлэггүй

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголчууд санхүүгийн мэдлэгээрээ 140 орноос 43 дугаар байрт бичигджээ. S&P Global судалгааны байгууллагаас 150,000 хүнийг хамруулан хийсэн уг судалгаагаар манай улсын насанд хүрсэн иргэдийн 41% нь санхүүгийн мэдлэгтэй гэсэн дүн байна. 

Тэгвэл Дэлхийн банкнаас энэ төрлөөр хамгийн сүүлд буюу 2012 оны судалгаагаар монгол иргэдийн 90 орчим хувь нь банкны бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй байсан 30 хүрэхгүй хувь нь Хөрөнгийн биржийн бүтээгдэхүүний талаар мэдэж байжээ. Харин хувьцааны арилжаа, брокерын үйл ажиллагааны талаар ердөө 14 хувь нь мэдэж байсан гэсэн дүн гарчээ. Сүүлийн хоёр жилд иргэдийн мэдээлэл харьцангуй нэмэгдсэн ч энэ тоо 20 орчим хувьтай байгааг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн багш П.Баянсан 2018 онд хийсэн "Хөрөнгө оруулагчийн санхүүгийн боловсрол" судалгааныхаа дүнд гаргажээ. Гэвч энэ тоо нь хангалтгүй хэвээр байгааг илэрхийлж буй аж. 

Учир нь хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл тухайн орны ДНБ-тэй холбоотой болохыг S&P Global-ийн судалгаа харуулжээ. Тодруулбал, нэг хүнд ногдох ДНБ нь 12,000 ам.доллараас дээш хэмжигдэх орнуудын хүн амын 60-80 хувь нь санхүүгийн зах зээлийн мэдлэг сайтай байгаа бол ядуу буурай орнуудад энэ талаарх мэдлэг иргэдийн 20-30 хувьд хэлбэлзэж байна. 

Хувьцаа эзэмших буюу нээлттэй компанид иргэд хөрөнгө оруулснаар эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээнээс хамааран 

  • санал өгөх
  • ногдол ашиг авах
  • орлогоос хувь хүртэх 
  • мэдээлэл авах

зэрэг эрх эдэлдэг. Ямар ажил эрхэлж байгаагаас үл хамааран санхүүгийн хоёрдогч эх үүсвэртэй болох боломж олгодог. Гэвч иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг, үнэт цаасны данс, банкны дансаа ялгахгүй байгаагаас орлогоосоо хувьцаа авч, ирээдүйдээ хөрөнгө оруулахаас илүүтэй банканд хадгалуулж байгааг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн багш П.Баянсан хэлэв. 

Тэрбээр судалгаандаа тулгуурлан Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын талаар зарим мэдээллийг өгсөн юм. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 303 компанийн 146 буюу 47 орчим хувь нь 2018 онд хувьцаа эзэмшигчдийн хурлаа тогтмол явуулж, 64% нь хуульд заасан хугацаанд санхүүгийн тайлангаа ирүүлж байна.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн 1,072 хувьцаатай холбоотой шинээр үнэт цаасны данс нээлгэх иргэдийн тоо эрчимжээд буй. "1,072 хувьцааны мэдээллийн төв" нээгдсэнээс хойш 1.1 сая гаруй хүн шинээр данс нээлгэсэн бол 1.4 сая иргэн дансаа нээлгээгүй хэвээр байгаа аж. Тус мэдээллийн төв иргэдэд зориулан 1,072 хувьцаанаас гадна хөрөнгийн зах зээл, хувьцаа, ногдол ашиг, хөрөнгө оруулалтын талаар цогц мэдээлэл бүхий сургалт явуулж байна.