Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистаны тал Хятадын сөнөөгч онгоцоор Орост үйлдвэрлэсэн Энэтхэгийн онгоцыг унагасан гэнэ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Кашмирын агаарын хилийг давсан Энэтхэгийн хоёр нисэх онгоцыг унагаж, нэг нисгэгчийг олзолсноо Пакистаны тал мэдэгдээд байгаа билээ.

Энэ явдлын дараа Пакистаны агаарын хүчний командлагч асан Шахид Латиф агаарын тулаанд Хятадын JF-17 сөнөөгч онгоцыг ашигласан тухай твиттер хуудсандаа мэдээлжээ.

“Генерал Первез Мушарафын үед миний удирдсан Пакистан, Хятадын хамтарсан төслийн хүрээнд JF-17 сөнөөгч онгоцыг анх үйлдвэрлэж байсныг бахархалтайгаар дуулгаж байна. Өнөөдөр энэ онгоц Пакистаны хилийг давж ирсэн Энэтхэгийн онгоцнуудыг унагасан байна” хэмээн тэр твиттер хуудсандаа бичсэн юм.

Харин Энэтхэгийн тал Орост үйлдвэрлэсэн нэг “Миг-21 Бизон” онгоцоо алдсаныг хүлээн зөвшөөрсөн ч хоёр онгоц унаагүй, нөгөө унасан онгоц нь Пакистаны F-16 сөнөөгч байсан гэж мэдэгджээ.

Пакистаны тал энэ агаарын тулаанд АНУ-д үйлдвэрлэсэн F-16 огт оролцоогүйг дараа нь баталсан юм.

Дээрх мэдээллийн дараа JF-17 сөнөөгч онгоцны үйлдвэрлэгч CAC-SCIT (Chengdu Aircraft Corporation- Sichuan Chengfei Integration Technology) компанийн хувьцааны үнэ Шэнжэний хөрөнгийн бирж дээр 10 хувиар өссөн байна. Энэ өсөлт хоёр өдөр үргэлжлээд Баасан гарагт бага зэрэг буурчээ.

Учир нь энэ мэдээлэл албан ёсоор батлагдвал JF-17 сөнөөгч онгоц анхны бодитой агаарын тулаандаа ялалт байгуулсан тохиолдол болох юм. 

Өчигдөр Хятадын батлан хамгаалах яамнаас энэ мэдээллийг лавлахад хэвлэлтийн төлөөлөгч нь “Энэтхэг, Пакистан улсуудын хувьд өнөөдрийн нэн тэргүүний, хамгийн чухал асуудал нь зөрчлөө эвийн замаар шийдэх болоод байна” гэж хариулаад Хятадын онгоц оролцсон эсэхийг батлахаас бултжээ.

CAC-SCIT компанийн хөнгөн жинтэй, нэг хөдөлгүүртэй JF-17 сөнөөгч онгоцыг Пакистаны үйлдвэрт хоёр улс хамтран үйлдвэрлэж байв. Одоо Пакистаны агаарын хүчин 110 ширхэг ийм онгоцтой юм.

JF-17 онгоцыг Нигери, Мьянмар улсуудын арми ашиглаж байгаа бөгөөд тэд хоёул Пакистан дахь үйлдвэрээс худалдан авчээ.

 

Эх сурвалж: South China Morning Post