Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 88 хувь нь уураа тэвчээгүйгээс үүдэлтэй"

Г.Номин, iKon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх алба, Урьдчилан сэргийлэх хэлтсээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар болон цаг үеийн мэдээлэл өглөө.

Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 25-30 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна.

"Гуравдугаар сард энэ төрлийн гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байдаг"

 
Гэрэл зургийг mpa.mn

"Жил тутам энэ төрлийн гэмт хэрэг 6.8-8 хувиар өсөж байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 40 орчим хувь нь ахуйн орчинд үйлдэгддэг. Гэмт хэрэг гарч буй цагаар нь ангилбал оройн 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд хамгийн их буюу 39 хувь нь үйлдэгдсэн байна.

Мөн гуравдугаар сард энэ төрлийн гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байдаг. Энэ нь гуравдугаар сард олон баяр, тэмдэглэлт өдөр болдогтой холбоотой.

Нийгэмд энэ төрлийн хэргийг хөнгөн хэрэг мэтээр ойлгох хэвшмэл ойлголт байдгаас үүдэн гаралт нь өсөж байна гэж харж байгаа.

Уг нь бол бусад гэмт хэрэгтэй харьцуулахад тухайлбал хулгай, дээрмийг бодвол илрүүлэх хугацаа бага шаарддаг" хэмээн ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан ярилаа.

Энэ төрлийн гэмт хэргийн 50 орчим хувь согтуугаар үйлдэгдэж байгаа учраас цагдаагийн байгууллагын зүгээс баар цэнгээний газруудын ажиллах цаг, архи согтууруулах ундаа худалдаалах газруудын зөвшөөрлийг эргэж хараач ээ хэмээн холбогдох байгууллагуудад хандаж байгаа ажээ.

"Нэг хором" аяныг зохион байгуулахаар боллоо

 
Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдгийг энгийнээр хэлбэл зодолдох, танхайрах болон гэр бүлийн хүчирхийллийн хэрэг юм. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлголт мэдээллийг иргэдэд нэлээд эрчимтэй хүргэсний үр дүнд буурч байна. Харин зодолдох, танхайрах хэрэг огт буурахгүй байна.

Болчимгүй омголон зан, түргэн уурнаас үүдэн гэмт хэрэгт холбогдох тохиолдол их байгаа. Статистикаас харвал энэ төрлийн хэргийн 88 хувь нь уураа тэвчээгүйгээс үүдэлтэй байна.

Тиймээс төрийн бус байгууллагуудтай хамтраад "Нэг хором" аяныг зохион байгуулахаар боллоо. Аян нэг сар улс орон даяар үргэлжлэх бөгөөд нэлээд эрчимтэй үйл ажиллагаанууд хийж, эрх зүйн ойлголт мэдлэгийг залууст өгөхийг зорьж байгаа" хэмээв.