Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Майцэцэг: Бид сангуудыг татан буулга гээгүй, зээл нь жинхэнэ эздэдээ хүрдэг байхыг шаардаж байгаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагаас УИХ-ын дарга болон гишүүдэд захидал хүргүүлэхээр болжээ. Энэ тухайгаа өнөөдөр мэдээллээ.

Уг захидалд: 

  1. Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх тал дээр та бүхэн юу хийв ?
  2. Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх тал дээр та бүхэн юу хийв ?
  3. Монгол хүн эрүүл аюулгүй нөхцөлд амьдарч чадаж байна уу? Чадахгүй байгаа бол яагаад аюулгүй нөхцөлд амьдраад байна? Энэ асуудал дээр юу хийв?
  4. Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, гаднаас ирэх импортын бүтээгдэхүүнээс үнээр хямд байлгах тал дээр ямар бодлого гаргав?
  5. Монголд зээлийн хүүг буулгах тал дээр юу хийв?
  6. Монгол төгрөгийн ханш улам унаж байна. Та бүхэн ямар бодлого гаргав?
  7. Монголын залуучууд гадагш ажил хийхээр явж байна. Энэ асуудал дээр ямар бодлого гаргав?
  8. Монголын иргэд яагаад ядуу байна?
  9. Монголын чинээлэг дундаж давхаргыг бий болгохын төлөө та бүхэн юу хийв? 

Эдгээр асуултын хариултыг аймаг, орон нутаг бүртээ гаргаж өгнө үү хэмээж буй бөгөөд хариуг долоо хоногийн дотор өгөхийг хүссэн байна. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шаардан маргааш "Хэвтүүл" хөдөлгөөнөөс зохион байгуулах бүх нийтийн жагсаалд тус төрийн бус байгууллага дэмжин оролцохоо энэ үеэр мөн мэдэгдлээ.

“Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг “Маш олон төрийн бус байгууллага байна. Бүгд хамтдаа ЖДҮХС-гийн асуудлыг эсэргүүцэн тууштай тэмцэх ёстой. 21 санг татан буулгана гээд ярьж байна. Бид татан буулга гэж огт хэлээгүй. Харин хүмүүстээ хүрдэг, ил тод болоосой, бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл нь хүрдэг байгаасай гэж хүсэж, шаардаж байгаа.

ЖДҮХС-гийн зээл нь жилийн гурван хувийн хүүтэй. Гэтэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид сарын 4.5-5 хувийн хүүтэй зээл авч ажиллаж байгаа. Энэ сангаас зээл авсан улс төрчид зээл юм чинь эргээд төлөхөд л болно гэж байгаа ч үнэн хэрэгтээ тэд бидний маш олон боломжийг хулгайлсан” гэсэн юм. 
Түүнчлэн тэрбээр, бизнес эрхлэгчдэд татвар, нийгмийн даатгалын шимтгэл нь хүнд тусаж буйг ч хэлж байв. 

“Чандмань жимс” компанийн захирал Ш.Будсүрэн: Манай компанийн зорилго бол иргэддээ дөрвөн улирлын турш эрүүл органик хүнсний ногоог хүргэх юм. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэл цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Гэвч Засгийн газраас гарсан тогтоол шийдвэр нь хэрэгжих хүртлээ маш удаан процессийн туулдаг юм байна.

Одоо болтол бид тэр хөнгөлөлтийг аваагүй. Бидэнд тулгарч буй өөр нэг асуудал нь Нийгмийн даатгалын хууль. Улирлаас шалтгаалан гэрээ хийгээд ажиллаж байгаа хүмүүс цалингаасаа их хэмжээний татвар төлөх сонирхол бага байдаг. Тиймээс татвар, даатгалын системээ эргэн харах хэрэгтэй.