Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баасандорж: Бидэнд байгаа мэдээллээр АТГ-ын комиссар, ахлахууд талийгаачийг дарамталсан

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа амиа алдсан Л.Бямбаагийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/788004274905556/

Өмгөөлөгч Ц.Баасандорж “2019 оны хоёрдугаар сарын 23-нд иргэн Л.Бямбаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 
Энэ хэрэг дээр Авлигатай Тэмцэх Газар болон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар хуульд зааснаас илүү хугацаагаар тухайн иргэнийг хорьж, амь насыг нь хохироосон. 

Хуульд зааснаас илүү хугацаа гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5.3-т зааснаар “Хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдол 24 цагийн дотор шүүхэд мэдэгдэж зөвшөөрөл авна гэж заасан байдаг.  Гэтэл талийгаачийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилчихаад 24 цагийн дотор шүүхэд мэдэгдээгүй. Улмаар 40 гаруй цаг хорьсон

Шүүхийн захирамжаар хүнийг 48 цаг хүртэл саатуулдаг. Энэ хүнийг 24 цаг саатуулаад суллах ёстой байсан. Мөн Баасан гарагийн орой  АТГ-ынхан талийгаачийг яллагдагчаар татаад, цагдан хорих саналыг шүүх рүү хүргүүлэхэд ажлын цаг дууссан гэдэг шалтгаанаар шүүх хүлээж аваагүй. 

Шүүх хүлээж аваагүй байхад энэ хүнийг шууд суллах ёстрй байсан. Гэтэл Цагдан хорих 461 дүгээр ангид аваачиж хорьсноос 20 орчим цагийн дараа амиа алдсан байдалтай олдсон. 

АТГ хуулинд заасан хугацаанаас илүү хугацаагаар хүнийг хорьсон байна. ШШГЕГ аливаа хүнийг хорихдоо хорих шийдвэрийг нь авч байж хорьдог. Гэтэл ямар ч шийдвэргүйгээр хорьсон.

21-ний орой энэ хүнийг хорьсон. Маргааш өглөө нь өмгөөлөгч нь уулзах гээд очиход АТГ-ынхан Урьдчилан хорих ангиас аваад явсан байдаг. Баасан гарагийн өглөө АТГ-ынхан байрандаа авчраад бүтэн өдөр ганцааранг нь суулгасан байсан. Энэ нь эрүүдэн шүүлт. Тухайн хүн 68 настай эмэгтэй хүн. Бидэнд байгаа мэдээллээр АТГ-ын эрх бүхий албан тушаалтнууд болох комиссар, ахлахууд нь орж хүүхэдтэй нь холбоотойгоор дарамталсан. 

Өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагын ажилтан талийгаачийг энэ өрөөнд хэнтэй уулзсан, ямар дарамтанд байсан талаарх мэдээллийг авч чадаагүй байгаа

Хууль бусаар хорьсон ажиллагаагаа хайцаалахын тулд амиа хорлосон мэтээр ташаа мэдээлэл тарааж байна. Хүний аминд хүрсэн АТГ, ШШГЕГ-ын ажилтнууд өнөөдөр зүв зүгээр ажлаа хийгээд явж байна. Монгол Улсын төрийн байгууллагууд нийлж байгаад хүний амийг хохироосон. Үүнийхээ төлөө уучлал гуйх ёстой. 

-Хорих өрөөний камерийн бичлэгийг та үзсэн үү? 

-Хүнийг ганцаарчлан олон цагаар байлгана гэдэг нь эрүүдэн шүүж байгаа нэг хэлбэр. АТГ-ынхан цагдаагийн байгууллагад бичлэгээ өгөхгүй байгаа. Тэр өрөөнд юу болсон, яаж дарамталснаа өгөхгүй байгаа. Тиймээс бид хардаж байгаа. Хүний үндсэн эрхэд өмгөөлөгчтэйгээ уулзах эрх багтдаг. Гэтэл Пүрэв гарагийн орой АТГ-т авчраад 00:40 цаг хүртэл байлгахад өмгөөлөгч нь уулзаж чадаагүй. Ингээд Баасан гарагийн өглөө өмгөөлөгч АТГ-т ирээд бүтэн өдөржин хүлээсэн. 

Талийгаачийг өмгөөлөгчтэй нь ч уулзуулаагүй, ар гэрийнхэнтэй нь ч уулзуулалгүй бүтэн өдөржин ганцааранг нь байлгасан.     

-Хорих өрөөний камерийн бичлэгийг үзсэн үү?

-Цагдаагаас хорих өрөөний камерийн бичлэгийг хурааж авсан. Өмгөөлөгч нарын зүгээс АТГ-ын ажилтнууд болон хуулийн байгууллагын ажилтнуудад эрүү үүсгүүлэн шалгуулах хүсэлтээ гаргаад явж байгаа. 

Бид амиа хорлосон гэдэгт эргэлзэж байгаа. Бидэнд олдсон мэдээллээр хоол цай ч өгөлгүй хорьсон гэх асуудал яригдаж байгаа. 

-Гэрээслэл байсан уу? 

-Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. АТГ-ыг шалгадаг байгууллага Монголд алга. Хуульгүй ажилладаг байгууллага нэг хүний аминд хүрлээ. Цагдаагийн даргыг шалгадаг байгууллагыг цагдаа шалгана гэдэг эргэлзэж байна. 

-Өмгөөлөгчдийн зүгээс ямар арга хэмжээ авах вэ? 

-Мөрдөгч бол даргынхаа өгсөн чиг үүргийн дагуу ажилладаг. Мөрдөгчөөр туг тахиж болохгүй. Энэ асуудалд АТГ-ын удирдлагууд уучлал гуйх ёстой. Дээр нь тэдгээр хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ёстой гэж үзэж байгаа. 

-Талийгаачийг авлигын хэрэгт холбогдсон гэж байгаа?

-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Өнөөдөр талийгаачийн ажил явдал нь болж байгаа. Ажил явдал нь ч болоогүй байхад АТГ-аас энэ хүнийг авлигал өгч байгаад баригдаад тэр баримтыг нь тулгуурлаж хэрэг үүсгэсэн гэсэн.

Тиймээс энэ байгууллагаас өгч байгаа мэдээлэл эргэлзээтэй. Талийгаачийг авлигад зуучилсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй.   

-Энэ хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ? 

-Хамгийн түрүүнд шүүхийн шийдвэргүйгээр хорьсон мөрдөгч, хорих байгууллагын ажилтнууд хариуцлага хүлээх ёстой. 

Бид хамгийн түрүүнд энэ хүний амиа алдсан шалтгааныг тогтоох шаардлагатай байна. Амь насанд нь халдсан уу гэдгийг тогтоохоор гомдол гаргаад байна. Шалгалтын явцад тодорхой болох байх. Энэ хэргийг шалгаж байсан мөрдөгч ажлаасаа түдгэлзэх ёстой. Тэгж байж шалгуулах ёстой гэж үзэж байна.