Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын тайлбарыг Умард Солонгосын гадаад хэргийн сайд няцаалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр үдээс хойш Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт үр дүнгүй болсон тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд Ханой хотоос Вашингтон руу буцсан билээ.

Зөвхөн Ёнбоны цөмийн байгууламжаа буулгасны хариуд Умард Солонгосын эсрэг тавьсан бүх хоригийг цуцлах шаардлагыг Ким Жон Ун тавьж, үүнд нь татгалзсан хариу өгсөн тухайгаа Трамп хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр орой Ханойд байгаа Умард Солонгосын төлөөлөгчид гэнэт хэвлэлийн хурал зарлаж, Трампын тайлбарыг няцаасан мэдэгдэл хийжээ.

Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо өөрийн талаас маш бодитой саналыг АНУ-ын талд тавьсныг энэ үеэр мэдээлсэн байна.

Түүний тайлбарласнаар Пёньян бүх хоригийг цуцлах шаардлага тавиагүй, харин хоригийн зарим хэсгийг цуцалсны хариуд цөмийн байгууламжаа татан буулгах санал тавьсан гэнэ.

“Бид хоригийг бүхэлд нь биш, хэсэгчилж цуцлах шаардлага тавьсан. Тодруулбал манай улсын эсрэг тавьсан нийт 11 хоригоос зөвхөн 2016, 2017 онуудад тавьсан таван хоригийг цуцалж, ард иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэхийг хүссэн юм” гэж Ри Ён Хо тайлбарлажээ.

Дональд Трамп өчигдөр болсон хэвлэлийн хурлынхаа дараа Вашингтоныг зорьсон бол Ким Жон Ун дахин хоёр өдөр Вьетнамд саатаад Бямба гарагт нутаг буцах юм.

Талуудын байр суурийн зөрөө эдийн засгийн хоригийг цуцлах асуудал байсан гэгдэж байгаа. Гэхдээ хоёр тусдаа хийсэн мэдэгдлийн дараа байр суурийн зөрөө яг юунд байсан нь бүрхэг үлдлээ.

 

Эх сурвалж: South China Morning Post