Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Орос орныг хүчирхэгжүүлэхийн тулд таван тэмээгээр тахилга үйлдсэн бөө нарыг шалгаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Сибирийн Ангарск хотын хэсэг бөө нар саяхан таван тэмээ нядалж, хэсэгчлэн хуваагаад галд шатааж тахилга үйлджээ.

Тэд энэ үйлдлээ Орос орны хүч чадлыг нэмэгдүүлэхийн тулд хийсэн гэж тайлбарласан байна. Тахилын ажиллагааны дүрс бичлэг YouTube сүлжээнд нийтлэгдсэн байсныг сүүлд устгасан байна.

Амьтан хамгаалагчид уг харгис зан үйлийг шүүмжилж, хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн байна. Ангарск хотод төвлөрдөг бөө нарын “Мөнх хөх тэнгэр” нэртэй байгууллага уг тахилгыг зохион байгуулжээ.

ОХУ-д амьтан зовоож, тамласан этгээдэд тав хүртэл жил шоронд хорих ял оноодог хуультай.

 

Өчигдөр “Мөнх хөх тэнгэр” байгууллагын тэргүүн Артур Цыбиков анх удаа мэдэгдэл хийхдээ хоёрдугаар сарын 1-нд болсон уг тахилгыг 300 жил тутамд нэг удаа үйлддэг уламжлалт зан үйл гэж тайлбарлажээ.

Тэрээр тэмээнүүдийг нядлахдаа “хүмүүнлэг арга” хэрэглэсэн гэж үйлдлээ өмөөрсөн байна. 

“Энэ бол манай уламжлал, үүнд ямар ч буруу байхгүй. Бид тэмээнүүдийг нядалж, мөчилж, галд өргөсөн” хэмээн Цыбиков ярьжээ.

Бөө нар энэ зан үйлийг Орос орны хүч чадлыг сэргээх зорилгоор хийсэн гэж тайлбарласан юм. “Тэтгэврийн шинэчлэл хийж байгаад иргэд дургүй байна. Өрнөдийнхөн хориг тависан гээд олон асуудал бэрхшээл тохиолдоод байна. Энэ бүхнийг засаж, улс орноо хүчирхэгжүүлэхийн тулд тахилга хийлээ” гэж Цыбиков тайлбарлажээ.

Өнгөрсөн Лхагва гарагт Ангарск хотын прокурорын газар тахилгын газраас олсон баримтуудаа цагдаагийн газарт хүргүүлж, хэрэг нээх хүсэлт тавьснаа мэдээлсэн байна.

Оросын бусад бөөгийн тэргүүнүүд ч энэхүү харгис үйл явдлаас зайгаа барьж эхэлсэн байна. Тухайлбал Тувагийн бөө нарын тэргүүн Допчун Оол Кара Оол Тюлюшевич “Тэд таван тэмээ нядалсан байна. Энэ бол харгислал. Бөө удганууд хүмүүс, байгаль дэлхий, ан амьтан, шувууд гээд амьтай бүхнийг хайрлах ёстой юм” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: AFP