Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Осама бин Ладены хүү хаана байгааг зааж өгсөн хүнд Вашингтон нэг саяыг амлав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Аль Кайда террорист байгууллагын тэргүүн агсан Осама бин Ладены хүүг хаана байгаа талаар мэдээлэл өгсөн хүнд нэг сая ам.долларын шагнал олгохоо АНУ-ын засаг захиргаа өчигдөр зарлажээ.

Дэлхий дахинд терроризмын шинэ лидер болон тодорч байгаа Хамза бин Ладеныг Пакистан, Афганистан, Сирийн хаа нэгтээ орогнож байгаа гэсэн таамаг байдаг.

Түүнийг исламын хэт үзэлтнүүд “жихадын угсаа залгамжлах ханхүү” хэмээн өргөмжилдөг ажээ.

Одоо 30 орчим настайд тооцогддог тэрээр 2011 онд Америкийн тусгай хүчнийхэнд алагдсан эцгийнхээ өшөөг авахаар төлөвлөж байгаа гэгддэг юм.

Исламын улс зэвсэгт бүлэглэл дарагдаж байгаа энэ цаг үед Хамза бин Ладеныг дараагийн дэлхийн хэмжээний террорист болох өндөр магадлалтай гэж АНУ-ын тагнуулынхан үзэж байна.

2015 онд залуу бин Ладен бүх исламын экстремистүүдийг Сирид нэгдэж, Палестиныг чөлөөлөхийн төлөө тэмцэх уриалгыг дуу хоолойны бичлэг хэлбэрээр тарааж байв.

Осама бин Ладеныг алагдсаны дараа түүний гурван эхнэр, хүүхдүүдийг төрөлх Саудын Арабтаа амьдрахыг нь Вашингтон зөвшөөрсөн юм. 

Харин тэднээс ганцхан Хамза бин Ладен хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон байна. Өнгөрсөн онд Хамзагийн эцэг нэгт ах дүүс нь түүнийг Афганистанд амьдарч байж магадгүй, есдүгээр сарын 11-ний халдлагыг үйлдсэн Мохаммед Аттагийн охинтой гэрлэсэн тухай хэвлэлд ярьж байжээ.

 

Эх сурвалж: AFP