Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Эдийн засгийн хоригийг бүрэн цуцлуулахыг Ким хүссэн, бид хүлээж аваагүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Ханойд хоёр өдөр үргэлжилсэн АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт хэлэлцээр үр дүнгүй болж, хугацаанаасаа өмнө өндөрлөлөө.

Өнөөдөр хамт барихаар төлөвлөж байсан үдийн зоог, гэрээнд гарын үсэг зурах ёслолоос өмнө зочид буудал руугаа буцсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хамт товч хэвлэлийн хурал зохион байгуулжээ.

Трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг богино хугацаанд хэрэгжүүлэх гэж яарснаас зөв замаар гүйцэтгэх нь илүү дээр гэж үзэж байгаагаа хурлын эхэнд мэдэгдсэн байна.

“Харамсалтай нь бид АНУ-д үр ашигтай ямар нэг тохиролцоонд хүрч чадсангүй. Бид түүнээс (Ким Жон Ун) илүү ихийг шаардсан ч тэр хүлээж авахад бэлэн биш байлаа” гэж Майк Помпео сэтгүүлчдэд ярьжээ.

Дараа нь Дональд Трамп ярихдаа “Умард Солонгосын удирдагч олон улсын хориг арга хэмжээнүүдийг цуцлуулахыг хүссэн. Гэвч бид үүнийг нь зөвшөөрөөгүй” гэсэн юм. Вашингтоны засаг захиргаа Умард Солонгосыг цөмийн зэвсгээ бүрэн хураалгах хүртэл эдийн засгийн хоригоо цуцлахгүй гэсэн байр сууринд хатуу зогсож байгаа. Энэ удаагийн уулзалтаар Ким Жон Ун зөвхөн Ёнбоны цөмийн байгууламжаа устгаад хариуд нь тус улсын эсрэг авсан хоригийг цуцлуулах нөхцөл тавьсан байна.

Гэхдээ Трамп Ким Жон Унд итгэсэн хэвээр байгаагаа хэлээд түүнийг ойрын хугацаанд ямар нэг цөмийн болон пуужингийн туршилт хийхгүй гэсэн амлалт өгснийг дуулгажээ.

Тэрээр хэвлэлийн хурлын дараа шууд Вашингтон руу буцахаар болсон байна. Трамп өнөөдөр орой Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нартай утсаар ярьж, Ханойн уулзалтын үр дүнг тайлбарлахаар төлөвлөж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Эх сурвалж: South China Morning Post