Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Аялал жуулчлалд УБТЗ-ын оролцоо, хамтын ажиллагаа" зөвлөгөөн болов

ikon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

УБТЗ төмөр зам түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Аялал жуулчлалд УБТЗ-ын оролцоо хамтын ажиллагаа“ сэдэвт зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшлийн 100 шахам байгууллагын төлөөөлөл оролцсон байна. Тус зөвлөгөөнөөр Монгол Улсын Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн дагуу олон улсын галт тэрэгний аялалыг сурталчлах, ашиглалт, үйлчилгээг сайжруулах, маркетингийн оновчтой цогц бодлого хэрэгжүүлэх, гадаад дотоодын жуулчны компаниудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, холбогдох байгууллагуудын хооронд үүсдэг  хүндрэлийг тодруулан шийдвэрлэх зэрэг олон асуудлыг нээлттэйгээр нэг өдөр хэлэлцлээ.

УБТЗ-ын зорчигч тээвэртэй холбоотой тоо баримтаас үзэхэд УБТЗ-ын зорчигчийн галт тэргээр 2018 онд 2 сая 572,5 мянган зорчигч тээвэрлэсний 96 хувь буюу 2 сая 454,4 мянган зорчигч  орон нутгийн чиглэлүүдэд аялсан байна.

Нийт тээсэн зорчигчийн 3 хувь нь буюу 85,7 мянган хүн нь Монгол Улсаас гадаад орнууд руу аялсан бол хөрш орнуудаас Монгол Улсыг чиглэсэн зорчигчийн тоо нийт тээвэрлэсэн зорчигчдын ердөө 1% буюу 27,6 мянган хүн байна

Манай улсаар дамжин өнгөрсөн зорчигчийн тоо нь 4,8 мянган хүн буюу нийт тээврийн 0,2 % эзэлж байна

Мөн Монгол Улсын хилээр 2018 онд гадаадын 598.4 мянган хүн орсон нь өмнөх оноос 55.7 (10.3%) мянгаар өсжээ. */Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан мэдээ/

Харин монгол улсын хойд, урд хилээр төмөр замын тээврээр аялал жуулчлалын компаниудаар дамжуулан нэвтрэн гарсан нийт 14,9 мянган жуулчид нь дээрх орж ирсэн гадаадын иргэний дөнгөж 2,5 хувийг эзэлж байна.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 36.2 хувийг БНХАУ-ын иргэд, 22.3 хувийг ОХУ-ын иргэд, 14.4 хувийг БНСУ-ын иргэд, 3.6 хувийг Япон улсын иргэд, 3.2 хувийг АНУ-ын иргэд, 2.7 хувийг Казахстан улсын иргэд, 17.6 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна. */Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан мэдээ/

Хилээр орж ирж байгаа гадаад иргэдийн хамгийн өндөр хувийг манай улсын хоёр хөршийн иргэд эзэлж байна. Иймээс дээрх зорчигчдыг төмөр замын тээврээр хүлээж авч, явуулах боломж байгаа юм.

 

Мэдээллийн эх сурвалж:   “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.