Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын цагдаа гайхалтай өндөр зохион байгуулалт, сахилга баттай хулгайчийг илрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын дөрөв дэх том хот болох Тэгүгийн цагдаа нар саяхан гайхмаар өндөр зохион байгуулалт, сахилга бат, хэтийн зорилготой орон байрны хулгайчийг илрүүлжээ.

33 настай гэмт этгээд нийт 11 удаагийн хулгайгаар 440 сая воны ($393,255) бэлэн мөнгө, эд зүйлсийг хулгайлсан байна.

Хэргийг илрүүлсэн мөрдөгч Ан Ён Жүн “Би өмнө нь хэзээ ч ийм хулгайчтай таарч байгаагүй. Тэр тэмдэглэлийн дэвтэртээ ‘Ямар ч тохиолдолд би бүх хүчээ дайчилж, 10 тэрбум воны хөрөнгөтэй болно’ хэмээн зорилгоо бичсэн байсан” гэж хэвлэлд ярьжээ.

“Дэлхий даяар олон тооны ухаалаг хулгайч байдаг тухай сонсож байсан. Гэхдээ түүн шиг алсын зорилготой, санхүүгийн сахилга баттай этгээд цөөхөн байх” гэж тэр ярьсан байна.

Цагдаа нар гэмт этгээдийн гэрээс 420 сая вон бэлнээр, мөн алтан гулдмайнууд илрүүлжээ. Тэрээр хулгайлсан үнэт эдлэлүүдээ ул мөр үлдээхгүйн тулд хайлуулж, алтан гулдмай болгон хадгалдаг байсан гэнэ. Нийт 440 сая воны эд зүйлс хулгайлснаас ердөө 20 саяыг нь үрээд байжээ.

Хулгайч хуримтлуулсан бэлэн мөнгөө хөрөнгийн зах зээлд оруулж, өсгөх төлөвлөгөөтэй байсныг илрүүлсэн байна.

Тэр бас өндөр байшин барилга руу авирах чадвараа нэмэгдүүлэхийн тулд байнга биеийн тамирын дасгал хийж, үнэтэй тансаг орон байрнуудын зохион байгуулалт, бүтцийг судалж, төлөвлөгөө гаргаж, зугтах, бултах арга техник боловсруулдаг байжээ.

Гудамжны хяналтын камернуудаас зугтаж, цагдаа нарыг төөрөлдүүлэхийн тулд янз бүрийн арга хэрэглэдэг байсныг тогтоосон байна. Тухайлбал тэр хулгай хийснийхээ дараа нэг булан тойрохдоо л хувцсаа бүрэн сольж огт өөр хүн болж хувирч байжээ.

Бас нэг камерны хяналтаас дараагийн камерны тусгалд шилжих хоорондоо хувцсаа солихоос гадна согтуу хүн болон жүжиглэх замаар мөрөө буруулж байсан гэнэ.

2.5 сая хүн амтай Тэгү хотын гудамж, талбайнуудад нийт 11,000 хяналтын камер суурилуулсан байдаг тул хулгайч олон удаа ингэж хуурч чадалгүй эцэстээ баригдсан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post