Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

“1,072 хувьцаанд ногдол ашиг тараахаар болсон”

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 2 сарын 28
iKon.MN

“Эрдэнэс Тавантолгой” ХК аудитлагдсан тайлангаар 2018 онд 801 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд энэ жил иргэдэд ногдол ашиг тараах талаар Ерөнхий сайд чиглэл өгөөд буй. Гэвч олон нийтийн сүлжээгээр тус компанийг ногдол ашиг өгөх шийздвэрээ мэдээлэхгүй удсан, урсгал зардлаа нэмж байна гэсэн шүүмжлэл явсан.

Тодруулбал, эдийн засагч Л.Наранбаатар нүүрсний үнийг өсгөж, зардал танаснаар хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байгааг дурдаад 10 асуултыг компанид тавиад байна. Тэгвэл өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК, эдийн засагч, судлаач, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг төлөөллийг оролцуулсан “1,072 хувьцааны IPO ба ногдол ашиг” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр зарим асуултад хариулт өгсөн юм. 

Л.Наранбаатарын асуултуудыг, М.Амарбаярын хариултуудыг хүргэвэл: 

Л.Н: Компанийн тухай хуулийн 4б.5-д "ТУЗ нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна" гэжээ. Хуулийн хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 19-нд дуусгавар болоод 7 хоног өнгөрлөө. Шийдвэрээ танилцуулна уу. Ямар хэмжээний мөнгийг, хэзээ, ямар хэлбэрээр ноогдол ашиг олгох болсон бэ? Хэрэв ийм шийдвэр гараагүй бол ТУЗ хуулийн хүрээнд огцрох үндэслэлтэй болохыг сануулъя!

М.А: Компанийн ТУЗ 2019 оны хоёрдугаар сарын 18-нд хуулийн хугацаандаа багтан хуралдаж, ногдол ашиг олгох талаар шийдвэр гаргасан. Удахгүй дүрэм журмын дагуу ТУЗ энэ талаар мэдээлэл хийнэ. 

Л.Н: Барилга барина гэж 42 тэрбум төгрөг төсөвлөжээ. Бүх ажлаа гэрээт олборлолтын компаниудаар хийлгэдэг компанид тийм том тансаг оффис хэрэгтэй юу? Орон тоогоо цомхотгоод, жижиг оффис хямд түрээслээд явж болоогүй юм уу? Танай удирдлагын бүтцэд Монголын 100 шижигнэсэн залуу ажиллахад 500м2 оффис хангалттай. Хамгийн үнэтэй оффисын тарифаар тооцоход 1м2 нь 55 мянган төгрөг. Ингээд бодоход жилд 330 сая төгрегөөр оффис түрээслээд ажлаа хийж болно. Ойрын 10 жилдээ уурхайгаа хөл дээрээ бостол нь оффис түрээслэхэд 2 тэрбум төгрег хангалттай. Гоё байшин барих 42 тэрбум төгрөгөө иргэдэд ногдол ашиг болгож өгөх боломж байна уу?

М.А: Компанийн төлөвлөгөөн дээр нэршлийн хувьд нэгтгээд “Барилга” гэж бичсэн ч задлаад харвал нэг байшин 42 тэрбум төгрөгөөр барих гээд байгаа хэрэг биш. Тухайлбал, 2010 оноос хойш ЭТТ компани түрээсэнд 6 тэрбум төгрөг төлсөн байдаг. Энэ жил IPO хийхтэй холбоотой орон тоо тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа. Тиймээс Улаанбаатар хотод оффис худалдаж авахад 19 тэрбум төгрөг төсөвлөсөн. Цогтцэцийд оффис байгуулахад 13 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гаалийн хяналтын бүс 4 тэрбум төгрөгөөр байгуулж, 3.2 тэрбум төгрөгөөр лаборатори байгуулах юм. 

Л.Н: 283 тэрбум төгрөгийн IPO зөвлөх үйлчилгээг гадаадын ямар компанид өгөх гэж байгаа юм бэ? Энэ мөнгийг дотоодын инженерүүддээ өгч болох уу? Зөвлөх үйлчилгээний зардлыг хөрөнгө оруулалтанд тусгасан нь ямар учиртай вэ? Иргэдэд ногдол ашиг бага өгөхийн тулд хөрөнгө оруулалтын зардлаа өсгөсөн тооцоо гэж
харагдаад байна. Үүнийгээ тайлбарлана уу.

М.А: 283 тэрбум төгрөгөөс 250 нь IPO хийх андеррайтерын төлбөр юм. Гэхдээ энэ мөнгө компанийн ашгаас хасагдаж тооцогдохгүй. Андеррайтер компани IPO хийсний дараа 3.17%-ийн шимтгэлийг босгосон мөнгөнөөс суутгаж авдаг. Олон улсын тогтсон жишиг. Манайх төрийн өмчит компани учраас үүнийг төлөвлөгөөндөө тусгах ёстой учраас бичсэн. Түүнээс биш 2018 онд олсон цэвэр ашгаас хасагдаад үлдсэнээс нь ногдол ашиг тооцно гэдэг ташаа ойлголт.

Л.Н: Компьютер, түүний дагалдах хэрэгсэл авахад 4.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Их үнэтэй компьютер 3 сая төгрөг гэж бодоход 1500 хүнд компьютер авч өгөх бололтой юм. Гадаадын зөвлөхүүдэд асар их мөнгө зарахаар төлөвлөж буй удирдлагууд ийм өндөр үнэхэй компьютерыг юунд ашиглах гэж байна вэ?

М.А: Надад байгаа тайлан дээр Компьютер, түүний дагалдах хэрэгсэл авахад 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Уул уурхайн компани өндөр хүчин чадалтай компьютер хэрэгтэй байдаг. “Эрдэнэс Тавантолгой”-н компьютер, техник үнэхээр хоцрогдож, хуучирсан байгаа. Гэтэл бид энэ жил “1,072 хувьцаа мэдээллийн төв”-ийн салбарыг 21 аймагт байгуулах гэж байна. Эдгээр салбарт мөн компьютер хэрэгтэй. Мэдээж Тендерийн тухай хуулийн дагуу тендер зарлаж, санал болгосон хамгийн хямд үнийг сонгох тул энэ бүх төсвүүд багасах боломжтой. 

Л.Н: Автомашин авахад 3.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Дарга нар чинь үнэтэй жип авч тансаглах гэж байгаЪ юм биш биздээ! Ажил нугалдаг уурхайн инженер, ээлжийн мастерууд чинь одоо машинтай байгаа. Тайлбараа өг!

М.А: Уурхайд ашиглах TLC 76, 78, Старекс, Приус зэрэг машин авахад 2 тэрбум, гал, хог, усны машин авахад 1.2 тэрбум төгрөг гэх мэтчилэн төсөвлөсөн. Уурхай өмнө нь зориулалтын машингүй явж ирсэн. 

Л.Н: Программ хангамжид 7.8 тэрбум төгрөг тусгажээ. Үүлэн технологийн системээр оффисын программ хангамж түрээсээр авч ашиглахад жилд 20 сая төгрөгөөс ихгүй зардал гарна. Уул уурхайн программ хангамж бол ихдээ 500 сая төгрөгөөр худалдаж авна. Турээслэхэд үүнээс ч бага зардлаар шийдэх боломжтой. Өнгөрсөн жил та бүхэн уул уурхайн сайдын зөвлөхийн компаниас 1.1 тэрбум төгрөгөөр программ хангамж авсан. Өмнө нь хэдэн зуун сая төгрөгөөр нь авч л байсан. Хангалттай биш гэж үү?

М.А: Уурхайн компанид шаардлагатай datamine, macromine зэрэг системийг нэвтрүүлж байгаа. Мөн энэ жил “1,072” аппликэйшн хийхээр төлөвлөсөн. Аппликэйшн хэрэглээнд нэвтэрснээр иргэд бүх мэдээллийг авах боломжтой болно. Цаашид санхүүгийн бусад системд холбогдсоноор хувьцаагаа цахимаар удирдах зэрэг боломжууд нээгдэнэ гэж тооцож байгаа.  

Энэ мэтчилэн манай компанийн сайт руу ороод задаргааг нь харах боломжтой. Компани нэгэнт хувьцааны ногдол ашиг тараана гэж мэдээлчихээд байхад “Ногдол ашиг тараа” гэж цахим сүлжээнд шаардаж байгаа нь улстөржилт гэж харж байна гэсэн юм. 

Эдийн засагч Л.Наранбаатарын хувьд 10 асуултыг “Эрдэнэс Тавантолгой”-д өгч, долоо хоногийн дотор ТУЗ-өөс албан ёсны хариу өгөхийг шаардаад буй. Тэрбээр нэмж доорх дөрвөн асуултыг хүргүүлсэн байгаа. 

7. Удирдлагын зардалд 21.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Дарга нарынхаа орон тоо, цалинг багасгаад 5 тэрбум төгрөгт төсөвлөж болно. Хангалттай, тансаг хүрнэ. Энийгээ багасгах боломжуудаа танилцуул! Боломжгүй гэвэл зардал хэмнэж ажиллах чадамжтай мэргэжлийн удирдлагаар хувьцаа эзэмшигчид бид солиод өгч болохыг анхааруулъя!

8. Борлуулалт болон маркетингийн зардалд 302 тэрбум төгрөг тусгасан нь ямар учиртай вэ? Нүүрсийг чинь авах гээд 180 км түгжрэл үүсэж байгаа газар ийм их мөнгөөр маркетинг хийх шаардлага байна уу? Задаргаа, тайлбараа өг!

9. Үнээ нэм! Австралид үер болчихлоо. Австралийн нүүрсийг Хятадуүд Далиан боомтоороо оруулахгүй хориг тавьчихлаа. Нүүрсний үнэ өсөж байна. Та бүхэн хэзээ 70 ам долларын нүүрсээ 90 ам доллар болгох вэ? 2019 төсөвт борлуулах нүүрсний хэмжээ болон үнээ нуусан нь ямар учиртай вэ? Та бүхний веб сайтдаа тавьсан 3 хуудас төсвеөс харагдахгүй байна. Хилийн цаана байгаа Винсвэй (хуучнаар, одоо бол E-commodities) мэтийн зуучлагч нарт боломж олгохоо хэзээ болих вэ? Үнээ ядаж 20 ам доллароор нэмж чадвал 2019 онд иргэдэд өгөх ногдол ашиг 800 тэрбум төгрөгөөр өсөх боломжтой байна.

10. Дээрх төсвийн тооцоог харахад 2019 онд зардлаа танаад, нүүрсний үнээ өсгөхөд
1,072 хувьцаа эзэмшигчдэд очих ноогдол ашгийг 1 их наяд орчим тегрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрэн байна. Иймд 2019 оны үрэлгэн төсөвөө шинэчлэн, хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулахыг шаардаж байна.

“1.4 сая иргэн хувьцааны дансаа нээлгээгүй”

“1,072 хувьцаа мэдээллийн төв” Дархан-Уул, Орхон аймагт салбараа нээсэн бөгөөд энэ онд 21 аймагт салбартай болохоор төлөвлөжээ. Өнгөрсөн онд долоон аймаг, зургаан дүүргээр явж иргэдэд мэдээлэл өгөөд байгаа аж. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас гадна санхүүгийн зах зээл, хувьцаа, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгч байгаа талаар тус төвийн менежер Э.Баатарцогт мэдээллээ. 

Одоогоор 1.1 сая гаруй иргэн хувьцааны дансаа нээлгэсэн бол 1.4 сая хүн нээлгээгүй байна. Гэхдээ данс нээлгээгүй гээд ногдол ашиг авахгүй гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр тэрбээр сануулав. 

Харин Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв цахим системд шилжихээр ажиллаж байгаа юм байна. Ирэх гуравдугаар сард брокер, дилерийн 54 компанитай цахим сүлжээнд холбогдсоноор иргэдийн дансыг онлайнаар шуурхай нээх боломжтой болно хэмээн ҮЦТХТ-ийн Мэдээллийн технологийн ажилтан н.Гэрэлт хэллээ.