Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп-Кимийн уулзалт хугацаанаасаа өмнө гэнэт завсарлаж, удирдагчид тус тусын зочид буудал руугаа буцацгаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Вьетнамын нийслэл Ханой хотод болж байгаа АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт хугацаанаасаа өмнө гэнэт завсарлаж, Дональд Трамп, Ким Жон Ун нар тус тусын зочид буудал руугаа буцсан тухай эх сурвалжууд мэдээллээ.

Төлөвлөгөө ёсоор тэд үдийн зоог хамт барьсны дараа гэрээнд гарын үсэг зурах ёслол болох байв. Үүний дараа хэвлэлийн хурал хийх цаг товлоод байсан юм.

Гэтэл үдийн зоог барих танхимд удирдагчид ирэлгүй шууд зочид буудал руугаа буцацгаажээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Энэ удаа ямар нэг тохиролцоонд хүрч чадсангүй. Гэхдээ талуудын ажлын хэсэг цаашид хэлэлцээрийг үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.

Тэр бас Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт ерөнхийдөө маш сайн үр дүнтэй болсныг нэмж хэлжээ.

АНУ, Умард Солонгосын талууд цөмийн зэвсэг хураах болон эдийн засгийн хоригийг цуцлах асуудлуудаар үзэл бодлын нэлээд том зөрүүтэй байснаас яриа хэлэлцээр бүтэлгүйтсэн байх гэж хөндлөнгийн ажиглагчид үзэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп удахгүй өөрийн байрлаж буй зочид буудалд хэвлэлийн хурал хийх төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээллээ.

 

Эх сурвалж: CNN