Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Амгаланбаяр: Хариуцлага алдсан 461 дүгээр хорих ангийн дарга болон холбогдох ажилтнуудыг чөлөөлсөн

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN

Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан эмэгтэй амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор ШШГЕГ-аас албаны дотоод шалгалт явуулсан талаар хэвлэлийн хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1099010050273097/

ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр "2019 оны хоёрдугаар сарын  22-23-нд шилжих шөнө цагдан хорих 461 дүгээр ангид АТГ-аас шалгагдан саатуулагдаж байсан иргэн Б амь нас нь хохирсон харамсалтай хэрэг гарсан. Үүнд ШШГЕГ-ын даргын тушаалаар Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, 461 дүгээр хорих ангид шалгалтын ажил хийсэн. 

Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан харуул хамгаалалтын ажилтнууд хариуцлагагүй хандсан, сонор сэрэмж алдсан, ээлжийн дарга, ерөнхий эргүүл нарыг хяналтаа сулруулсан нь шалгалтаар тогтоогдсон.

461 дүгээр хорих анги бол маш том анги. Зөвхөн нэг, хоёрдугаар давхар нь гэхэд бусад ангиудтай тэнцэхүйц хэмжээний ачаалалтай байдаг. 24 цагийн турш хөл хөдөлгөөн ихтэй байдаг тул анхаарал, сонор сэрэмж өндөр хэмжээнд байхыг шаарддаг.

ШШГЕГ-ын Даргын зөвлөлд шалгалтын дүнг хэлэлцээд 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын холбогдох ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн" гэлээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Нас барснаас хойш хэдэн цагийн дараа мэдсэн бэ. Цаг тутамд камерт хянагдаж буй дүрс бичлэг болон тухайн хүний талаар мэдээллийг ээлжийн ахлахдаа өгч байх ёстой гэж журамдаа байдаг юм байна лээ?

-Ажлын байрны хариуцлага алдсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ангийн даргыг согтуу байсан гэж яригдсан. Ангийн дарга ар гэрийнхэнтэй нь уулзаагүй юм байна лээ. Харин хэргийн газрын үзлэг хийхэд ангийн дарга цагдаагийн ажилтнууд, прокуроруудтай хамт байсан. Хэрэв согтуу байсан бол албаны хүмүүс согтуу байсан гэж ярих байсан болов уу. 

-Заавал цагдан хорих ёстой байсан уу?

-Түүнийг манай байгууллага мэдэхгүй. 

-Хэрэг гарснаас хоёр цагийн дараа цагдаад дуудлага өгсөн байдаг?

-Ажлын байрны хариуцлага алдсантай холбоотой.

-Яг ямар хариуцлага алдсан бэ. Ажлын байр дээрээ байхгүй байсан юм уу?

-Ерөнхийдөө сонор сэрэмж алдсан, хяналт сулруулан ажлын хариуцлага алдсан.