Кашмирын хямрал хөрш Пакистан, Энэтхэг хоёр улсын дунд үргэлжилсээр байна.
Өчигдөр Пакистаны зэвсэгт хүчин агаарын хилд нь нэвтэрсэн Энэтхэгийн хоёр байлдааны онгоцыг буудаж унагасны дараа тус улсын ерөнхий сайд Имран Хан телевизээр мэдэгдэл хийжээ.
Тэр “Бид хүлээж байгаад өнөөдөр хариу арга хэмжээгээ авлаа. Бид ямар нэг гарз хохиролгүйгээр, зөвхөн өөрийн хүчин чадлыг харуулахыг зорьсон юм” гэж Энэтхэгийн онгоцнуудыг унагасан шалтгаанаа тайлбарласан байна.
Имран Хан “Надад Энэтхэгийн талаас асуух асуулт байна. Танайд байгаа, бас манайд байгаа зэвсгийг ашиглах дээрээ тулах юм биш биз? Хэрвээ ингэхэд хүрвэл би ч тэр, Нарендра Моди ч тэр хяналтаа бүрмөсөн алдана” гэж анхааруулжээ. Дараа нь тэр “Асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдэхийн тулд ширээний ард сууцгаая” гэж Энэтхэгийн талаас уриалсан байна.
Өөрөөр хэлбэл цөмийн дайнд хүргэхээс өмнө асуудлыг эвээр шийдэх санал тавьжээ.
Энэ сарын 14-ний өдөр хоёр орны дунд хилийн маргаантай байдаг Кашмирт террористууд халдлага зохион байгуулж, Энэтхэгийн цагдаагийн 40 алба хаагч амь үрэгдсэн юм.
Халдлагыг Пакистанд орогнодог Исламын террорист бүлэглэл зохион байгуулснаа хүлээн зөвшөөрсөн. Харин Энэтхэгийн тал халдлагын цаана Пакистаны эрх баригчид байгаа гэж үзэж байгаа юм.
Имран Хан өчигдрийн хэлсэн үгэндээ Энэтхэгийн талаас халдлагад Пакистаны засгийн газар оролцсоныг батлах баримт байгаа бол хуваалцахыг хүссэн байна.
Энэ хавар Энэтхэгт парламентын сонгууль болох гэж байгаа. Хинду шашны үндсэрхэг үзлийг дахин сонгогдохын тулд ашиглаж байгаа Нарендра Моди хэрвээ Пакистаны уриалгыг хүлээж авбал сонгуулийн үр дүнд нь сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
АНУ, Европын Холбоо, Хятад зэрэг улсууд Энэтхэг, Пакистаны талуудыг мөргөлдөөнөөс сэргийлж, яриа хэлэлцээрийн замаар маргаанаа шийдэхийг уриалаад байна.
Эх сурвалж: AFP