Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Насаараа тамхи татсан хүн нас барахынхаа өмнө захиас бичиж үлдээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нью Йорк мужийн Латхэм суурингийн оршин суугч Жофрей Тюрнер энэ сарын 13-ны өдөр 66 насандаа уушгины хорт хавдраар нас барсан юм.

Насаараа тамхи татсан тэрээр ямар нэг өвчин зовлон ярьдаггүй байсан ч 2018 оны арваннэгдүгээр сард дөрөвдүгээр түвшний хорт хавдартай болсноо анх мэджээ.

Хорт хавдар тусах болсон шалтгааныг нь тамхи гэж эмч нар тодорхойлсон юм. Гурван сар шаналсны эцэст Тюрнер нас барахаасаа дөрөв хоногийн өмнө өөрийн гараар захиас бичиж үлдээжээ.

Түүний охин Сара Хюест аавынхаа бичиж үлдээсэн захиасыг хэвлэлд өгснөөр өнөөдөр олон хүний анхаарлын төвд ороод байна.

 
Жофрей Тюрнер

Уг захианд “Би өдөр бүр, хэд хэдэн удаа, нэг л тэнэг шийдвэрийг дахин дахин гаргасаар ирсэн мулгуу хүн. Эцэстээ намайг үхүүлэх эд гэдгийг нь мэдсээр байж би үнэнээс зугтаж, насаараа тамхи татсан. Дэмий мөнгө үрж өөртөө худалдаж авсан сэтгэл ханамж нь миний өвчин шаналал, гэр бүлийнхэнд минь учирсан зовлонтой тэнцэх үнэ цэнэтэй зүйл биш ажээ. Харин эцэстээ миний амьдралыг сүйрүүллээ” гэж тэр бичжээ.

Компьютерын бизнес эрхэлдэг байсан Тюрнер “Би олон сайн зүйл хийж, олон хүнд тусалж, энгийн даруу амьдарч ирсэн хүн” гээд тамхинаас өөр харамсах зүйл амьдралд нь байгаагүйг өчсөн байна. Тэр үр хүүхдүүд, хойч үе, ер нь нийт хүмүүст хандаж “Битгий тэнэг зан гаргаарай. Хэрвээ чи тамхи татдаг бол яг одоо гар, чиний амьдралыг тамхи шийдэх болж байна. Хайртай бүхэн чинь чиний амьдралаас хамааралтайг сана” гэж анхааруулжээ.

Тюрнерийн захидал сүүлийн долоо хоногийн турш сошиал сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн тараад байна.

Тамхи татах явдал нь АНУ-д уушгины хорт хавдрын нэгдүгээр шалтгаан болдог. Уушгины хорт хавдраар нас барсан эмэгтэйчүүдийн 80 хувь, эрчүүдийн 90 хувь нь тамхинаас шалтгаалж өвчилсөн байдгийг Америкийн Уушгины Холбооны судалгаа харуулж байна.

2005-аас 2010 оны хооронд 130,000 гаруй хүн тамхинаас үүдэлтэй уушгины хорт хавдраар нас баржээ.

Тюрнерийн охин 36 настай Сара Хюест амьдралын сургамж, ухаарлаа чин үнэнчээр олон хүнд хүргэж чадсан ааваараа бахархаж байгаагаа хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: The Washington Post