Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп-Кимийн хоёр дахь уулзалт оройн зоогоор эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар өчигдөр орой Ханой хотын Sofitel Legend Metropole зочид буудалд хоёр дахь удаагаа нүүр тулан уулзлаа.

Тэд найман сарын өмнө Сингапурт анх удаа уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах хэлэлцээр хийж байсан юм.

Орон нутгийн цагаар 18:30 цагт уулзсан удирдагчид гар барин мэндчилж, товч мэдэгдэл хийсний дараа шадар хүмүүсийн хамт оройн зоогт орсон байна.

Трамп, Ким хоёр хоёул энэ удаагийн уулзалт хэлэлцээр хүссэн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлцгээжээ.

 

Оройн зоогт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Умард Солонгосын тагнуулын албаны дарга асан, генерал Ким Ён Чол зэрэг албан тушаалтнууд оролцсон байна.

Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын гол арга хэмжээнүүд өнөөдөр болно. Өглөөний 9:00 цагт хоёр удирдагч ганцаарчилсан уулзалт хийсний дараа 9:45 цагаас бусад албаны хүмүүс нэмэгдэж, хэлэлцээр үргэлжилнэ. Хамтдаа үдийн зоог барьсны дараа 14:00 цагт гэрээнд гарын үсэг зурах ёслол болж, 15:50 цаг орчимд Дональд Трамп хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдэгдэл хийх гэнэ.

Үүний дараа Трамп нутаг буцах бол Ким Жон Ун дахин хоёр өдөр саатаж, Вьетнам улсад албан ёсны айлчлал хийх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Энэ удаагийн уулзалтын гол үр дүн нь 1950-аас 1953 он хүртэл үргэлжлээд гал зогсоох гэрээгээр завсарласан Солонгосын дайныг албан ёсоор өндөрлүүлж, энхийн гэрээ байгуулах гэнэ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал хэлэлцээрийн гол сэдэв байх ч шууд үр дүнд хүрэхгүй, үйл явцыг ахиулах хэмжээнд байх болно гэж ажиглагчид үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post