Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баяртуул: Хүн төвтэй, иргэдийнхээ ая тухыг эрхэмлэсэн хот байгуулна

М.Үүрийнтуяа, Үндэсний шуудан
2019 оны 2 сарын 28
Үндэсний шуудан
Зураг зураг

“Майдар хот” төслийн удирдагч Л.Баяртуултай ярилцлаа. Тэрбээр 2000 онд Герман Улсад “Мерседес бенз” компаниас ажлын гараагаа эхлүүлж, үл хөдлөх, хот байгуулалтын салбарт олон жил ажиллажээ. Улмаар 2012 оноос “Майдар хот"төслийг удирдаж байгаа юм.

-Майдар хот төслийг хэрхэн эхлүүлж байсан бэ?

-Улаанбаатар хотыг анх 500 мянган оршин суугчид зориулж төлөвлөсөн ба тухайн цаг үед ирээдүйн нийгмийн хөгжлийг бүхэлд нь тусгаж авч үзээгүй тул тодорхой хэсэгт л төлөвлөлт хийсэн. Нийгэм ингэж хурдан өөрчлөгдөн гэж төсөөлөхийн арга ч үгүй байсан байх л даа. Гэтэл ардчилсан нийгэмд шилжиж, шилжилт хөдөлгөөн хяналтгүй болж, ард иргэд ажлын байр болон боловсрол, худалдаа үйлчилгээгээ дагаж бүх юмны төвлөрөл болсон ганц байгаа нийслэл рүү олноороо ирж суурьшсан. Хотын хүн ам хурдтай өсөлттэй зэрэгцэн төлөвлөлт хурдтай хийгдээгүйгээс үүдэн төлөвлөлтгүй газар олголт замбараагүй явагдсан. Ингэж явсаар өнөөдөр бид эмх замбараагүй хоттой болчихсон. Энэ гашуун туршлагаас ихийг суралцсан. Ингээд нийслэлийн одоогийн асуудалд гарц болох үүднээс анх 2012 онд бид Майдар хотын төслийг эхлүүлсэн. Бид хотыг хурдтай барихаас илүү сайхан амьдрах боломжтой хотыг урт хугацаанд зөв төлөвлөж, босгох нь чухал байна.

-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн ажлын хэсэгт “Майдар хот” төслийг хэрэгжүүлэх газрыг танилцуулсан гэсэн. Яг одоо байдал ямар байна вэ. Майдар бурхныг барих ажил юу болж байгаа вэ?

-Майдар бурхны хийцийн 80 хувь нь дууссан гэж болно. Хэсэгчлэн авчирч гагнах, угсралтын ажлуудыг хийснээр арваннэгдүгээр сард бурхны бүтээн байгуулалтын ажил дуусна. Ашгийн бус бүтээн байгуулалт тул иргэдийн хандиваар босож байгаа. Энэ нь заримдаа ажлын явцад нөлөөлж удаашрах асуудал байсан. 2008 онд “Их майдар сан” ТББ-аас бурхан шашны цогцолбор, аялал жуулчлалын бүсийг хөгжүүлнэ гэж 108 га газар аваад, газрыг сонгосон байсан.

Бүсчлэн хөгжүүлэхэд оршин суугчдын нийгмийн асуудал болон Улаанбаатарын төвлөрлийг сааруулахын тулд нийгэм, эдийн засгийн судалгаа хийж эхэлсэн. 2012 оноос Германы эко хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийг урьж авчирсан. Ингээд бизнес төлөвлөгөө боловсруулж, Засгийн газар, олон улсын хөрөнгө оруулагчдад хандаж эхэлсэн. Төсөл маань аль хэдийнээ олон улсын хөрөнгө оруулагчдын хараанд өртөөд, эхнээсээ хүсэлтээ ирүүлээд байгаа.

Төр засгаас дэмжлэггүй байсаар төсөл удсан. Өмнө нь Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутаг байсан бол өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Засгийн газрын 273 дугаар тогтоолоор барилга байшин баригдах 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан.

Харин энэ оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар орж, Майдар хотын ерөнхий төлөвлөгөөг батлах, судалгааны ажлуудыг эхлүүлэх чиглэл өгсөн тогтоол гарлаа. Үүний дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас ерөнхий төлөвлөөг батлахаар ажиллаж байна. Төлөвлөгөө батлагдсаны дараа хөрөнгө оруулалтын асуудлууд шийдэгдэхэд хялбар болно. Ингээд манай тусгай зөвшөөрлүүд олгогдоод эхэлбэл бүтээн байгуулалтын ажлыг хавраас эхлэхэд бэлэн. Дэд бүтцийн ажлаас бүтээн байгуулалт эхэлнэ.

-Хөрөнгө оруулалтад санаа зовж байна уу?

-Эко хот нь эдийн засаг, байгаль орчинд ээлтэй байдаг учраас хөрөнгө оруулах сонирхолтой гаднынхан их байна. Гол нь хотын дэд бүтцийн ажлыг гадаадын хөрөнгө оруулагчид өгөх нь Монгол Улсын эрх ашигт ямар вэ гэдгийг бодмоор. Тогтвортой хотын нэг үзэл баримтлал бол урсгал зардлаа хот нь өөрөө санхүүжүүлээд явах боломжтой байдаг. Улсад дарамт үүсгэхгүй байхаар төлөвлөгддөг гэсэн үг.

Дарамт болохоос илүү эдийн засгийн ач холбогдолтой төсөл учраас улс өөрөө санхүүжүүлбэл хэрэгтэй гэж бодож байна. Дэд бүтэц, үл хөдлөхийн салбар өөрөө хамгийн найдвартай, тогтвортой хөрөнгө оруулалт байдаг. Мөнгөө алдана гэж бараг байхгүй. Хэн нэгэн нь ашиглаад, ашиглалтын хураамжаа төлөх нь тодорхой. Нэгэнт барьсан бол өрсөлдөгч бараг байхгүй. Тиймээс хөрөнгө оруулалт гэхээс илүү цаг хугацаа алдах тал дээр л санаа зовж байна даа.

-Төслийн төлөвлөлтөд хэдэн хүн ажилласан бэ?

Нийт 300 гаруй олон улсын болон дотоодын инженер, архитектор, төлөвлөгч, судлаач, менежер болон Германы таван компани ажилласан. Тэд нийлээд дэлхий дээр 200 гаруй суурин, хот барьсан туршлагатай баг. Ус, эрчим хүч, зам тээвэр, хот, аудит, инженерийн гээд тус тусын чиглэлээр цогц төлөвлөлт хийж, өөр улсын ч туршлагатай компаниуд ажилласан.

Мөн манай төсөл тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг нь хангасан учраас Германы “DGNB буюу Барилгажилтын тогтвортой хөгжлийн нийгэмлэг”-ээс Майдар хотын төлөвлөлтийг тогтвортой хотын төлөвлөлт мөн гэсэн баталгаажилтын гэрчилгээ авсан. Энэ гэрчилгээг авч чадаагүй зөндөө төслүүд байдаг. Тэгэхээр энэ нь хөрөнгө оруулагчдад аюулгүй байдлын бас нэг баталгаа болох юм.

-Цаг хугацааны хувьд хүлээгдэж байна гэлээ. Хэмнэх боломж байсан уу?

-Анхнаасаа төр засгаас дэмжсэн бол цаг хугацаа хэмнэх боломжтой байлаа. Аль 2002 оноос дагуул хотын асуудал яригдсан ч эрх зүйн орчин бүрдээгүй. Дагуул хот төлөвлөхөд газрууд нь нийслэлийн өөрийн газар нутаг бус, тухайн аймгийн газар нутаг байдаг зэргээс асуудлууд үүснэ л дээ.

-Майдар хотыг барих газраас хүмүүс зөвшөөрөлгүй өмчилж авсан гэсэн. Энэ асуудал юу болов?

-Үнэхээр улс орны ирээдүйг бодож байвал нэг ч газрыг төлөвлөлтгүйгээр олгохгүй баймаар. Иргэд нь 0.7 га газраа авч чадаагүй байхад зөвшөөрөлтэй хэр нь зөвшөөрөлгүй юм шиг явагдаад байгаа газрын наймаа хэцүү санагддаг. Майдар хотыг байгуулах сургаар газруудыг өмчилчихсөн байсан. Энэ асуудлаас болж манай төслийн газрыг улс тусгай хэрэгцээнд авсан юм.

-Төлөвлөлтийн ажил, тэр олон хүний цалинг яаж санхүүжүүлсэн юм бэ?

-“Майдар сити” ХХК-д хувийн хэвшлийнхэн тусалсан. Сэтгэл зүрхээрээ ашиг бодохгүйгээр нэгдэж чадсан. Монгол Улсад төдийгүй олон иргэний нийгмийн асуудлыг шийдэхэд тустай гэж үзсэн. Төслийн нэг санаачлагч нь одоогийн Ерөнхийлөгч учраас бас тусалж дэмжиж байсан.

-Майдар хот төслийг 40 тэрбум ам.доллараар барина гээд шуугиад байгаа. Үүнийг тайлбарлаач?

-30-50 жилийн хугацаанд 300-400 мянган оршин суугчтай хот барьж, бүх ажил дууссаны дараа хөрөнгө оруулалт яригдана. Одоо зөвхөн төлөвлөлтийн нэгдүгээр шатны ажил болох 100 мянган оршин суугчтай хэсгийг 2030 он хүртэл барихаар тусгасан бөгөөд үүнд маш их хөрөнгө оруулалт шаардагдахгүй ээ. Ирэх таван жил дотор 30-40 мянган оршин суугчтай хэсгийг барихаар төлөвлөж байна.

-Майдар хотод их сургуулийн хотхон барина гэсэн үү?

-Одоо төрийн өмчит их сургуулиудыг хотоос гаргах асуудлыг ярьж байна. Боловсролын яамнаас ажлын хэсэг гарч судалж байгаа. Одоогийн төлөвлөлтөөр гурван мянган оюутантай хотхон барина гэсэн бол хоёр том их сургууль орж ирлээ гэхэд төлөвлөлт дээр зарим өөрчлөлт орох юм. Оюутны тоо 30 мянга болж нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ энэ тийм ч их асуудал болохгүй.

-Хотын гол давуу тал юу вэ?

-Майдар хотод зуны аялал жуулчлалаас гадна музейн жуулчдыг нэмэгдүүлэх зэргээр өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарна. Манай эдийн засгийн гол салбар уул уурхайд техник тоног төхөөрөмжөөр ихэвчлэн ажил явдаг учраас хот байгуулалтын салбартай харьцуулахад ажлын байр цөөхөн. Харин хот байгуулалт, дэд бүтцийн салбар ажлын байрыг маш ихээр бий болгоно. Хүмүүс хотоо бүтээн байгуулалцаад мөн хотдоо оршин суугч нь болбол сайхан шүүдээ.

-Иргэдээс судалгаа авч байв уу?

-Улаанбаатар хотоос нийгэм эдийн засгийн судалгаанд орсон хүмүүсийн 60 гаруй хувь нь хэрвээ яг ийм хот байгуулагдвал нүүхэд бэлэн гэж хариулсан. Иргэн болгон ийм хоттой болохыг мөрөөдөж байгаа болов уу гэж бодож байна. Хэн нэгний төсөөлөл дээр хот байгуулъя гэсэн зүйл огт биш юм. Хүн гэлтгүй улс орон ч гэсэн мөрөөдөлтэй байж хөгжинө. Хүний мөрөөдөл дуусахад хүн өөрөө мөхдөг гэдгийг би бодож явдаг.

Иргэд дор бүрнээ би яаж оролцох боломжтой вэ, надад, миний үр хүүхдэд ямар хэрэгтэй вэ гэж бодвол илүү үр дүнд хүрмээр байна. Ийм том тал газар нутагтай хэр нь газар нутгийнхаа алга дарам хэсэг дээр хүн ам нь төвлөрнө гэдэг маш эрсдэлтэй зүйл. Мөн Төв аймгийн иргэдийн дунд ч энэ төслийг дэмжиж байна уу гэж тав хоногийн турш санал асуулга явуулсан. Саналаар 16 мянган иргэн дэмжиж байна гэж гарын үсэг зурсан. Орон нутаг ч дэмжиж байгаа.

-Өөр бүтээн байгуулалт, төлөвлөлтийн хиймээр ажил бий юү?

-Улаанбаатартаа л гол бүтээн байгуулалт хийгээд байх биш хотоос гарч цааш сэтгэмээр байна. Төв аймаг яагаад нийслэлд ойр хэр нь хөгжихгүй байна. Алслагдсан аймгууд яаж хөгжих вэ. Залуус яагаад хотыг зорьж суурьшаад байгаа юм. Тэд юу хүсэж байгаа гэх мэтээр үндсэн суурийг нь судалмаар байгаа юм. Түүнээс ганц энэ төсөл хэрэгжээд л хот төлөвлөлтийн болон нийслэлийн асуудал бүрэн шийдэгдэхгүй. Төслийн эхний шатны 100 мянган оршин суугч бол Улаанбаатарт хоёр жилийн дотор нэмэгдэж байгаа хүн амын тоо л төдий.

-Энэ төслөөр яг юу харуулахыг зорьсон юм бэ?

-Нэгдүгээрт, хот, барилга, байшинг анхнаасаа яаж барих ёстой юм.Хоёрдугаарт, хүн ямар орон зайд амьдарч суурьших хэрэгтэй юм.Хүний эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орон зай гэж юу байх ёстой юм гэдгийг харуулахыг зорьж байгаа. Мөн дэлхийн стандарт хаана хүрснийг харуулмаар. Нүдээр үзэж байж л тэр стандартаар барилга байшин, орчноо хийгээд эхэлнэ.

Хүндээ чиглэсэн хот ямар байхыг харуулахыг зорьсон. Ганц нийслэлдээ шавах биш бүсчилж хөгжсөн шинэ хотын стандартыг харуулж, энэ жишгээр 21 аймаг ч хөгжинө гэж зорьсон. Одоо бид хот хөдөө гэлтгүй дэлхийн хотуудын бүх мэдээллийг гар утсаараа авч байна. Яаж амьдрахыг хүссэн мөрөөдөл байна. Үзэж, харахыг хүссэн олон зүйл байна. Энэ бүхнийг бага ч болов бий болгож өгөхийг хүсэх юм.

-Баян, ядуугийн ялгаагүй хот болно гэж та ярьсан байсан. Энэ их сайхан санагдсан?

-Улсын хөгжлийг нийслэлээр тулгуурлаж харвал 30 жилийн өмнө ардчилал бий болохтой зэрэгцээд нэг гараанаас бүгд эхэлсэн. Хүн бүр ижил, тэгш байсан. Харин одоо баян, ядуу гэж яригдаж эхэлж байна. Хуваагдаж байна. Зайсан, гэр хороолол зэргээр ярьж байна. Энэ мэтээр нийгэм хаашаа хөгжих вэ гэсэн суурь асуудлыг шийдэхэд хот төлөвлөлтийн салбар эергээр нөлөөлөх боломжтой.

Яг одооноос анхаарахгүй бол энэ ялгаа явсаар ирээдүйд том асуудал дагуулж ирэх болов уу гэж санаа зовдог. Хэн байртай, мөнгөтэй, том машинтай байна гэдгээр хүний аз жаргалыг хэмжигдэхгүй. Хүний аз жаргалтай амьдрал гэдэг нь хүрээлэн буй орчин, нийгэм, найз нөхөд, ажил, гэр бүлдээ хэр сэтгэл ханамжтай байдгаас л эхэлдэг. Нийгмийн бүх давхаргын хүмүүстэй харилцаж байх хэрэгтэй.

Тэгэхээр энэ хот холимог давхаргаас бүрдсэн хөл хөдөлгөөн өрнөсөн хот байна. Дэлхийн жишигт баячууд, ядуусын хороолол гэж ялгаа хэтийдвэл нийгмийн бухимдал ихсэж, баян хүмүүс руу дайрах, довтлох зэргээр гэмт хэрэг ч нэмэгддэг. Үймээн болдог. Энэ нь хамгийн аюултай хөгжил юм. Гэр хороололд амьдрахад бас нүүрс, ус зөөх, утаа, бохир ус гээд л өдөр тутам гардаг урсгал зардал их байдаг.

Зээлээр бүгдийг орон сууцжуулвал тэдэнд хэцүү. Тэгэхээр хамгийн тохиромжтой шийдэл бол эрүүл, аюулгүй эко хот юм. Цэцэрлэгийн хүүхдүүдийг авчраад асууж байгаад ямар тоглоомон дээр тоглох хүсэлтэйг нь шингээсэн тоглоомын талбайтай, оюутан, ахлах ангийнхнаас ирээдүйгээ ямар байлгахыг төсөөлдгийн асууж оюутны хотхоноо барьсан, түгжрэлийг нэмэх биш сааруулсан богино замын бүтэцтэй. Олон улсын ирээдүй судлаачдын дүгнэлтэд үндэслэж, дан ганц одоо биш ирээдүйд технологи яаж хөгжих вэ гэдгийг оролцуулсан шийдэл бүхий хүн төвтэй, хэрэглэгчийнхээ хүсэл эрмэлзэл, ая тухыг анзаарсан хот болох юм.

-Хот төлөвлөлтийн ажлыг удирдах ямар байна вэ?

-Суурь судалгаа чухал, хариуцлага чухал. Хүүхдүүд маань хүртэл таны барьж дуусаагүй хотыг барьж дуусгана гэж ярьж байна. Хүүхэд, залууст мөрөөдөл бий болгож, түүнд нь оролцуулахыг хүсэж байна. Уламжлалт хот байгуулалтын аргачлалыг шинэчилсэн, тогтвортой эко хот байгуулахын төлөө хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн, цаг хугацаатай уралдаж ажиллаж байна.

Зураг